Өчигдөр /2025.10.22/ хуралдсан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хурлаар "Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулсан" УИХ-ын тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн.
Учир нь Үндсэн хуулийн 43.1-д "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно" гэж заасан юм.
Тодруулбал, Үндсэн хуулийн уг заалтын дагуу "Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжих эсэх" гэсэн саналыг томьёоллоор УИХ-ын гишүүдийн саналыг хураах байсан ч Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллоор "дэмжээгүй" саналыг дэмжье хэмээн санал хураасан, мөн ирцэд орсон ч, санал хураалтад оролцоогүй 19 гишүүний саналыг "огцруулахыг дэмжсэн" саналд оруулсан нь Үндсэн хууль зөрчөөд байгаа юм.
Тэгвэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсны дараа УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан өөрийн X хуудастаа, "Монгол улс Де Факто Парламентийн засаглалтай улс биш болов. Парламентийн олонхи гэдэг нь аль нэг тал 64+" хэмээн жиргэжээ. Д.Амарбаясгалангийн хэлж буйгаар, "Де Факто Парламентийн засаглалтай улс биш болов" гэдэг нь бодитоор эрх барьж байгаа ч, олон улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй парламент хэмээн тодорхойлжээ.