Нурангийн цаадах улс төр

Нурангийн цаадах улс төр

Монголын улс төрд, ардчилсан хувьсгалаас хойш тохиолдож байгаагүй үйл явдал өрнөж байна. Доргилт биш газар хөдлөлт, цасан нуранги болж байна. Олонхын суудлыг авсан МАН дотоод зөрчлөөсөө эмээн жижиг намуудаар хүч зузаатгаж байгуулсан Г.Занданшатарын засгийн газар, арын эгнээнд олон хүч нөөсөн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар хэдхэн цагийн зайтай дараалан огцорлоо.

Олон сонгууль дараалан Ардчилсан намынхан эв нэгдэлгүй, МАН л засаг барих чадвартай гэцгээдэг энэ намын дотоодод үүссэн ан цав ангал болон гүнзгийрч, нэг өдөр Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь огцрох болсны жинхэнэ шалтгаан юу байв. Цаашид үйл явдал хэрхэн өрнөх бол. 

-АРДЧИЛСАН НАМЫНХНЫ АЦАН ШАЛАА-

Ардчилсан намынхан энэ бүх үйл явдлын хамгийн том, хамгийн гол оролцогч нь байлаа. Тус намын улс төрийн зөвлөл, УИХ дахь намын бүлгийн өргөтгөсөн хуралдаанаар Г.Занданшатарыг эзэнгүй төсвөө буцаан татахыг, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг УИХ-ын чуулганы хуралдааныг даргалах ёс зүйн эрхгүй гэсэн шаардлага гаргасан нь ёстой л хоёр үзүүртэй зүү шиг шаардлагууд байлаа. Дараа нь УИХ дахь АН-ын бүлгийн шийдвэрээр Д.Амарбаясгаланг хурал удирдуулахгүй байх шаардлагыг албан ёсоор тавьснаар УИХ-ын дарга де-факто огцорч, Г.Занданшатар намын дотоод тэмцэлдээ давуу байрлалтай болсон юм. Ерөнхий сайд Г.Занданшатарт тавьсан шаардлага нь төсвөө буцаан татах, хуулийн хугацаанд сайжруулан өргөн барих “хямдхан” даалгавар.

-Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ХАРИУ НҮҮДЭЛ-

УИХ-ын гишүүн Б.Энхбаярын, экс ерөнхийлөгч Н.Энхбаяр нарын ээлж дараалан дэлгэх нүүрсний хулгайн баримтууд, АН-ынхны уран нүүдлээр буланд шахагдаад байсан Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын нам дээрх давуу байдал нь ууршиж эхэлсэн тул УИХ-ын тавь гаруй гишүүний гарын үсэгтэйгээр Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барьж дагуулан тонгоруулахаар шийдсэн. Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулчихвал намын бага хурал дээрээ нэгэнт олонхын дэмжлэгийг авчихсан хүн УИХ-ын даргын ажлаа өгсөн ч ялалт байгууллаа гэсэн үг. 

-ХЯМРАЛД ЦЭГ ТАВИХ УРАН ШАЛАА-

Засгийн газрыг огцруулах асуудал албан ёсоор тавигдсаны дараа АН дахин барьцаа ахиулж МАН-ын нэг талынхны санаачилсан Д.Амарбаясгаланг огцруулах бичгийн тоог 67 болгож өглөө. УИХ-ын нийт гишүүдийн тэн хагасаас илүү нь гарын үсэг зурна гэдэг бол УИХ-ын дарга огцорчихсон гэсэн үг юм. Гэхдээ УИХ-ын дарга өөрийнхөө огцруулах асуудлыг оруулж ирэхгүй цаг хожоод байсан тул Г.Занданшатар, Д.Амарбаясгалан хоёрын асуудлыг хамтад нь хэлэлцэж, алийг огцруулах шийдвэр гаргаж орхив. Энэ бол улс төр талаасаа бол доргилт төдий зүйл биш, энэ бол жинхэнэ газар хөдлөлт. МАН засаг барих нь байтугай институтийнхээ хувьд бутарсан, эрх баригч бүү хэл шийдвэр гаргах ч чадамжгүй болсны нотолгоо болов. Харин төр талаасаа бол АН төрийн институтүүдэд ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн алхам хийлээ гэж хэлж ч болохоор…

-СУГАРЧ ҮЛДЭХ НОХОЙ ЗАЛЬ-

Д.Амарбаясгалангийн гол дасгалжуулагч нь унаж явахдаа мэх хийхдээ гаршсан хүн гэдгийг улс төрийн хүрээнийхэн мэднэ. Мэхнээс нь ч хэний зураг вэ гэдгийг таньдаг болцгоосон. Энэ удаад Д.Амарбаясгалан хоёр гарц бодож олж. Эхнийх нь огцрох шаардлагыг хүлээж авъя, гэхдээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихье гэх заль. Эргэж орж ирэхэд хаалга дэлгээтэй биш юм гэхэд цоожгүй байг гэж байгаа юм уу даа. Хоёр дахь нь Занданшатарыг баталгаатай огцруулахын тулд Үндсэн хуулийн заалтаар биш, байнгын хорооны санал дүгнэлтээр санал хураалгах заль. Ингэснээр Засгийн газар огцорч, Б.Энхбаяр хуулийн сайдаар томилогдох боломжгүй болж, өөрөө харин өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн болж нам дээрээ ирнэ.

-ОГЦРУУЛСАН Д,АМАРБАЯСГАЛАНД БИГ ЦЭЦЭД ГОМДОХ ЕРӨНХИЙ САЙД-

Г.Зандаршатар УИХ дээр огцорсон уу гэвэл огцорсон. Харин хуулийн дагуу огцорсон уу гэдэгт Үндсэн хуулийн цэц хариулна. УИХ Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гарахаас урьтаж засгийн жигүүрийнхэн хууль бус гэж хашгирч эхэлсэн. Хачирхалтай нь өөрсдөө чуулганд оролцож ирц бүрдүүлэн засгаа огцруулалцсан. Ингэж хэлэхийн учир нь ирцэд орсон л бол санал өгөөгүй гишүүд Засгийн газрыг огцруулах санал өгсөнд тооцогдох дэгийн заалттай. Гэхдээ л огцорсон ерөнхий сайд Г.Занданшатар цэцэд гомдоод буй. Хэрэв цэц Засгийн газрыг огцруулсан шийдвэрийг Үндсэн хуульд нийцээгүй гэсэн дүгнэлт гаргавал Засгийн газар огцроогүй гэсэн үг болно. Харин Засгийн газрыг огцруулах асуудлыг дахин хэлэлцэх ёстой эсэх нь тодорхойгүй. Тиймээс л Г.Занданшатарын тэсэж үлдэх цор ганц арга нь Үндсэн хуулийн цэц болчхоод байна.

-ТЭМЦЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ҮҮ-

Туршлагатай хуульчдын олон нийтийн сүлжээнд илэрхийлснээс үзвэл Г.Занданшатарын гомдлыг Үндсэн хуулийн цэц хүлээн авах өндөр магадлалтай ажээ. Хэрэв Цэцээс Г.Занданшатарын талд шийдвэр гаргавал Б.Энхбаяр шударга ёсны сайдаар томилогдоно. Ажлаа авсан өдрөө шударга ёс нүүрснээс эхэлнэ гэх нь гарцаагүй. Цаашилбал Монголын төрөөс нүүрсний хулгайчдыг цэвэрлэж, нүүрсний намаа ардын нам болгоно гэж ханцуй шамлана. Харин нөгөө талд нь нүүрсний хэрэгт гүтгэгдэж, шахагдаад чөлөөлөгдөх өргөдлөө өгчихсөн, дарангуйллаас нам засгаа аврах цор ганц элчээр журмын нөхөд дээрээ буцан ирж буй Д.Амарбаясгалан бий. Үүрэг гүйцэтгэгч сайд нартай засгийн газар, даргагүй УИХ, бүлэггүй эрх баригч МАН гээд хэлэлцэж шийдвэрлэх, хэрэгжүүлэх чадвартай институтгүй өдрүүд үргэлжилнэ. Нүүрсчдийн зодоон төрийн ордонд жагсаалтынхнаар, гудамжинд хөлсний жагсагчдаар, нийгмийн сүлжээнд тэрбумын троллуудаар үргэлжлэх нь гарцаагүй.

Ахиад л ганц найдвар Ардчилсан нам. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулахаас эхлээд нэгдэж, намынхаа дотоод сонгуулийг ч эвтэй хийж чадсан. Энэ удаад МАН-ынхны нүүрсний хулгайг өөрсдөөр нь дэлгүүллээ. Энэ удаад МАН ялагдаж, АН яллаа. Цаашдаа нүүрсчид ялагдаж, ард түмэн ялах ёстойг мартаж болохгүй. Нүүрсний хулгайн өмнө төрийн бараг бүх институт сөхөрчхөөд байгаа энэ эгзэгтэй үед төрийн, засаглалын хямралыг зогсооход үүрэх ачаа чинь өмнө чинь хүлээж байгааг ухамсарлах ёстой шүү АН-ынхаан!




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө