Энэ өвөл олон жилийн дунджаас хүйтэн өвөл болохыг холбогдох байгууллагуудаас анхааруулсаар ирсэн. Иймд өвлийн бэлтгэл байдалд онцгойлон анхаарах шаардлагатай ч сануулж байлаа.Гэтэл Монголчуудын уужуу, тайван занд нийслэлд орсон анхны цас дүн тавилаа. Учир нь зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсон жолооч нар шарваж, халтирч зам тээврийн осол гаргах нь нэмэгдсэн байна.
ВИДЕО:
Иймд манай сайтын сурвалжлах баг СБД-ийн замын цагдаагийн хэлтэстэй хамтран зам тээврийн ослын дуудлага мэдээлэлд явлаа. Эхний дуудлага бол СБД-ийн 20-р хороо. Лагерийн бүс учир хөдөлгөөний эрчим бага бөгөөд жолооч хурд ихтэй явж байгаад шарваж замын хажуу руу орсон байлаа. Жолооч бэртэл, гэмтэл аваагүй. Гэхдээ шокт орсон нөхцөл байдалтай байсан юм.
Тус ослын талаар СБД-ийн Замын цагдаагийн хэлтсийн техник зам зохицуулагч, Цагдаагийн дэслэгч Б.Цолмон “СБД-ийн замын цагдаагийн хэлтэст 2025.10.16-ны 10 цагт замын хажуу руу машин орчихсон байна гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу машиныг татан гаргаж, жолоочийг түргэн дуудаж өгдөг. Харин энэ жолооч ил шарх, сорив байхгүй байсан. Цаашлаад түргэн дуудах шаардлагагүй гэх тайлбарыг өгсөн. Урьдчилсан байдлаар зуны дугуйтай шарваж, замын хажуу руу орсон гэх дүгнэлт гараад байна” гэлээ.
Энэ мэт зам тээврийн ослын дуудлага СБД-ийн хэмжээнд гэхэд 20 орчим хувиар нэмэгджээ. Тухайлбал, 2025.10.15 буюу цас орж эхэлсэн эхний шөнө СБД-ийн 13 хороонд долоон автомашин мөргөлдсөн осол ч бүртгэгдсэн байна. Одоогоор цагдаагийн байгууллагын шалгалтын ажиллагаа явуулж байна.
Сүхбаатар дүүргийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Гантулга “2025.10.15-нд нийслэлийн автозамуудад халтиргаа, гулгаа үүслээ. Тухайлбал, өнгөрсөн шөнө СБД-ийн 13-р хороонд долоон автомашин ар, араасаа мөргөлдсөн осол бүргэгдсэн байна. Зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүссэнээс болсон гэсэн үг. Иймд иргэд, жолооч нар авто замд халтиргаа, гулгаа үүссэн энэ үед өөрсдийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалах нь чухал байна. Өвлийн дугуй нь халтиргаатай зам автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг. Өнгөрсөн шөнийн байдлаар нийслэлийн хэмжээнд 700 орчим зам тээврийн осол бүртгэгдсэн байна. Энэ ослын ард 1000 гаруй тээврийн хэрэгсэл, жолоочийн эрүүл мэндийн асуудал яригдана” гэв.
Харин нөгөө талд цас орсонтой холбоотойгоор нийслэлийн Хот тохижилтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан. Энэ нь ч Улаанбаатар хотын замын нөхцөл хүндрэлгүй өнгөрөх боломжийг бүрдүүллээ. Тухайлбал, өчигдөр /2025.10.16/ үүрийн 04:00 цагаас эхлэн 45 албан хаагч, 14 машин, тусгай зориулалтын техниктэйгээр халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан байна. Ингэхдээ нийт 4 тонн давсыг зам, талбайд цацжээ. Гэхдээ замын хайлсан ус мөс болж халтиргаа гулгаа үүсэхийг үгүйсгэхгүй. Цаашлаад цас орж, хүйтэрнэ гэдгийг ч холбогдох байгууллага анхааруулсаар байна. Иймд болзошгүй эрсдэлээс сэргийлж, өөрийнхөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалж өвлийн дугуйгаа тавих нь чухал байна.