МАН-ын дарга болох өрсөлдөөн Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудалд хүргэсэн тул ердөө хоёрхон өдрийн дотор парламентын 67 гишүүн гарын үсэг зурж, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн.
Харин Үндсэн хуулийн 43.1-д заасанчлан, “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасан. УИХ-ын даргыг огцруулах асуудлыг парламентын гишүүдийн 50 хувь нь оруулж ирвэл, ийм хугацаанд хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Товчхондоо, Ерөнхий сайдыг огцруулах асуудал хуулийн хугацаатай бол УИХ-ын даргыг огцруулах хуулийн хугацаа байхгүй.
-Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ӨРГӨДЛИЙГ НЬ ӨГҮҮЛСЭН АН-ЫН БҮЛГИЙН УРАН НҮҮДЭЛ-
Харин УИХ дахь АН-ын бүлэг, “УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой” хэмээн шаардаж ирсэн. Тэгвэл өчигдөр /2025.10.16/ АН-ын бүлгийн зарим гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай уулзалт хийснийхээ дараа “Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарыг огцруулах санал хамтдаа орж ирвэл хоёуланг нь огцруулах санал өгнө” хэмээн мэдэгдсэн. Харин энэ мэдэгдлийн дараахан Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, уг хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо 100 хувийн саналаар дэмжлээ. Үндсэндээ, Д.Амарбаясгалан ийнхүү огцорчихлоо.
УИХ-ын 67 гишүүн нь “огцрооч” гэж гарын үсэг зурсан ч, яг хэзээ огцрох нь тодорхойгүй байсан Д.Амарбаясгалангийн асуудлыг "Г.Занданшатарыг огцруулах" өөрийн хүслийг ашиглан, эцэст нь албан тушаалаас нь чөлөөлөх шалтгаан болгон АН-ын бүлэг улс төрийн ухаалаг нүүдлээр шийдлээ.
-Д.АМАРБАЯСГАЛАНГ 64 ГИШҮҮНИЙ КНОП ЦУГЛУУЛАХ АЖЛАА ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ Г.ЗАНДАНШАТАРТ ҮҮРҮҮЛЭВ-
Ерөнхий сайд Г.Занданшатарын хувь заяа одоо түүний өөрийн гарт нь ороод байна. Учир нь өчигдөр өглөө хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ гишүүдийн 86 хувь нь “огцруулахыг дэмжихгүй” гэсэн санал өгч, Г.Занданшатарыг улам нарийн утсан дээгүүр алхахад хүргэсэн.
Хэрэв байнгын хорооны энэхүү шийдвэрийг “Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй гэсэн саналыг дэмжье” гэх саналын томьёоллоор парламент хэлэлцвэл, Г.Занданшатар өөрийгөө авч үлдэх 64 гишүүний дэмжлэгийг цуглуулах шаардлагатай болно. Гэвч энэ бол амаргүй даваа.
Учир нь, УИХ дахь АН-ын бүлэг “хоёуланг нь огцруулна” хэмээн мэдэгдсэн, харин МАН-ын бүлэг 35, 33 гэсэн хоёр жигүүрт хуваагдсан энэ үед Г.Занданшатарт 64 кноп цуглуулах нь цасан шуурганд гал хамгаалах дэнлүү асаахтай адил сорилт болно.
Харин УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн гаргасан “Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжье” гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулбал, энэ удаа Д.Амарбаясгалангийн талд 64 гишүүний кноп цуглуулах хүнд даалгавар ноогдоно. Учир нь АН-ын бүлгийн олонх гишүүд чуулганы танхимд орж ирэхгүй, ирцээ бүрдүүлэхгүй байгаа энэ үед Д.Амарбаясгаланд 64 гишүүнийн кноп олох нь хувь заяаны сорилт болно. Иймээс ч Д.Амарбаясгалангийн талынхан Үндсэн хууль зөрчин байж “Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллоор Ерөнхий сайдыг огцруулах асуудал”-ыг хэлэлцэх гээд байгаа юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн 43.1-д зааснаар, УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах санал гаргавал, уг асуудлыг гурав хоногийн дараа хэлэлцэж, 10 хоногийн дотор шийдвэрлэх ёстой. Харин УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.2-д үүнийг тодотгож, Төрийн байгуулалтын байнгын хороо уг саналыг хэлэлцэн дүгнэлт гаргаж, нэгдсэн чуулганд танилцуулах ёстой гэж заасан бол тус хуулийн 101.4-т зааснаар, Ерөнхий сайдыг огцруулах саналд нийт гишүүдийн олонх буюу 64 ба түүнээс дээш гишүүн дэмжсэн тохиолдолд Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсонд тооцогдоно. Харин санал дэмжигдээгүй бол асуудал цааш үргэлжлэхгүй” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль болон Дэгийн хуульд “Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжиж байгаа эсэх” гэдгээр санал хурааж, УИХ-ын 126 гишүүний 64-өөс дээш гишүүн уг саналыг дэмжвэл Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно гэсэн үг.
Иймд Үндсэн хууль, Дэгийн тухай хууль зөрчиж өөрийг нь огцруулах гээд байгаа Д.Амарбаясгалангийн саналын томьёоллоор санал хураалт явуулахгүй байхын төлөө Г.Занданшатар ажиллах л үлдэж байна. Учир нь өчигдрийн чуулганы уур амьсгалаас харахад, Д.Амарбаясгаланг чөлөөлөхөд гол үүрэг гүйцэтгэсэн АН-ын бүлгийн гишүүдийн олонх нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх чуулганы ирцэд оролцохгүй байх байр суурь баримталж байгаа бололтой. Ийнхүү улс төрийн тавцанд хүсэл, хууль, хандлага гурав огтлолцож, Г.Занданшатарын Засгийн газар үлдэх эсэх нь зөвхөн тэр өөрийн нүүдлээ хэр ухаалаг хийхээс шалтгахаар байна.