Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр “Багш нарын үндсэн цалинг 20 хувиар нэмэх шийдвэр гарлаа. Ингэснээр энэ салбарын 90 гаруй мянган хүний үндсэн цалин нэмэгдэнэ гэсэн үг. Нөгөө талд бид урсгал зардал, хөтөлбөр арга хэмжээнээсээ таналт хийх шаардлага гарч байна. Ажил хаялт зарлаад буй Үйлдвэрчний эвлэлийн холбооны хүмүүст хандаж хэлэхэд эдийн засгийн боломждоо тааруулж ийм шийдвэр гаргаж байна. Маргааш гэхэд багш нарын үндсэн цалинг шууд 3.5 сая төгрөг болгох боломжгүй. Хэрэв ингэж нэмнэ гэвэл 3.3 их наяд төгрөг дахин нэмэх шаардлагатай болно. Тиймээс энэ бол хэцүү. Иймд гурван жилийн төлөвлөгөө гаргаад үе шаттайгаар нэмэхээс өөр аргагүй. Мөн өнөөдөр цахим сургууль байгуулах Засгийн газрын тогтоол гарлаа. Энэ бол боловсролын цахим шилжилтэд онцлох үйл явдал боллоо. Ингэснээр 17,000 хүүхдэд энэ төрлийн сургалт хийж гэрчилгээжүүлэх боломжтой болж байна. Өөрөөр хэлбэл орон зай, цаг хугацаанаас үл хамаарч Монголын боловсрол олон хүнд хүрэх боломжтой болж байгаа юм. Хөдөө сумын хүүхдүүд хотын сайн багшийн хичээлийг шууд үзэж боломжтой боллоо. Өнөөдрийн байдлаар 420 гаруй сайн багш энэ цахим платформ дээр ажиллаж байна. Шууд үзэх боломжтой 20 мянга гаруй хичээл байна. 1-12 ангийн бүх сурах бичиг цахимаар үзэхэд бэлэн байна. Монгол орны өнцөг булан бүрд чанартай боловсрол эзэмших боломжтой боллоо. Энэ нь дутагдалтай байгаа багш нарын орон зайг нөхөх гарц байж болно. Мөн гадаадад сурч буй монгол туургатнууд эх хэлээ сурах, хичээлээ үзэх боломж бүрдэж байна гэсэн үг” гэлээ.
ШУУД ҮЗЭХ: