iSee.mn мэдээллийн сайт Энэтхэг Улсаас та бүхэнд мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсад аравдугаар сарын 13-16-ны өдрүүдэд албан ёсны төрийн айлчлал хийж байгаа билээ. “Стратегийн түншлэл”-ийн харилцаатай хоёр орны хувьд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хийж буй энэхүү төрийн айлчлал нь өндөр ач холбогдолтой болж байна.
Өчигдөр буюу аравдугаар сарын 14-ний өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар албан ёсоор уулзаж, санамж бичгийг байгуулж, хамтарсан мэдэгдэл гаргалаа. Иймд энэхүү айлчлалын үеэр хэлэлцэж тохирсон асуудлуудын талаар Шадар сайд С.Амарсайханаас тодрууллаа.
ВИДЕО:
Шадар сайд С.Амарсайхан, "Энэтхэг Улсын санаачилгаар байгуулагдаж байгаа Нарны эрчим хүчний олон улсын эвсэл, Гамшигт тэсвэртэй дэд бүтцийг байгуулах, хөгжүүлэх олон улсын эвсэл гэсэн хоёр том санаачилга, томоохон улс орнуудын хамтын ажиллагааны хүрээнд бий болж байгаа механизмд Монгол Улс албан ёсоор нэгдэж буйгаа илэрхийлж, хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд бий болж байна гэж үзэж байгаа. Энэтхэг Улс бол манай улсын эдийн засгийн хамтын ажиллагааны тэр дундаа эрчим хүчний аюулгүй байдлыг хангах чиглэлийн томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа орон. Энэ нь Энэтхэг Улсын бусад улс оронд хийж хэрэгжүүлж байгаа хамгийн том төсөл, хөтөлбөр буюу Монгол Улсад газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн төсөл явж байгаа. Энэ үйлдвэр 2027 оны сүүлээр ашиглалтад орох бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад 2500 орчим Энэтхэг инженер техникийн ажилчид ажиллаж байна. Газрын тос боловсруулах төслийн үйл ажиллагааг эрчимтэй урагшлуулахаар ажиллаж байна. Үүнээс гадна манай улс зөвхөн газрын тос боловсруулах үйлдвэрлэлийг хамтарч хөгжүүлээд зогсохгүй газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр хамтарч ажиллах нэгдсэн байр сууринд хүрлээ. Энэ нь манайх үйлдвэрээ тасралтгүй түүхий эдээр хангаад зогсохгүй экспорт, импортоо тэнцвэржүүлэх боломж үүснэ гэж үзэж байгаа. Үүнээс гадна эрдэс баялаг, геологи, хөдөө аж ахуй дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлэх, тэр дундаа шинэ хоршооны чиглэлээр үйл ажиллагааг хөгжүүлэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг санхүүжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр хөдөө аж ахуйг шинэ шатанд гаргахад чиглэсэн Шинэ хоршоо хөтөлбөрийн үйл ажиллагаа илүү өргөжих боломж бүрдэж байна” гэлээ.