Ерөнхий сайд Г.Занданшатар хоёр долоо хоногийн өмнө олон нийтэд хандан мэдэгдэл хийхдээ, "Би УИХ-ын даргыг нүүрсний хулгайн эсрэг тэмцэлд хамтран ажиллана гэж итгэж байсан. Нүүрсний хулгайд холбогдсон гэдэгт нь итгэхийг хүсээгүй. Харамсалтай нь УИХ-ын дарга энэ асуудалд нэр холбогдсон байсан. Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү эрч хүчтэй, эрс шийдэмгий үргэлжлүүлэхийн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо" гэж хэлсэн. Мөн өчигдөр /2025.10.14/ өөрийн цахим хуудаст "Тэмцэл үргэлжилж байна" гэж мэдэгдсэн байв.
-ЕРӨНХИЙ САЙД ӨЧИГДРИЙН МЭДЭГДЛЭЭРЭЭ ӨМНӨХ БАЙР СУУРИА БАТАТГАЖ "ТЭМЦЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА" ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЭВ-
Ерөнхий сайд Г.Занданшатарын 14 хоногийн зайтай хийсэн энэ хоёр мэдэгдэл нь түүнийг "нүүрсчид" гэх нөгөө талынхантайгаа эвлэрээгүй гэдгийг илтгэнэ. Учир нь өчигдрөөс улс төрийн хүрээнд "Хоёр тал учраа олж эхэллээ. Эвлэрнэ" зэрэг агуулгаар мэдээллийг түгээж эхэлсэн. Магад Ерөнхий сайдын өчигдрийн мэдэгдэл дээрх мэдээлэлд өгсөн хариулт ч байж болох юм.
Мөн МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир нар "Удирдах зөвлөл хуралдаж бүлэгт чиглэл өгөх ёстой. Хоёр талыг эвлэрүүлэх асуудлаар шийдвэр гаргасны дараа бүлгээ хуралдуулна. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар хоёр удаа уулзсан. Энэ хүмүүс хоорондоо учраа олоогүй байхад гишүүд огцруулах саналаа эргүүлэн татахгүй. Хоёр талыг эвлэрүүлэх ажлыг би хийгээд явж байна. Ерөнхийлөгчтэй ч уулзсан" зэргээр ярьсан.
Энэ мэтээр Ерөнхий сайдыг огцруулах гол зорилготой байсан гишүүд ярианы сэдвээ гэнэт өөрчилж Г.Занданшатарт тал засаж "зөвшилцөх, эвлэрэх" асуудлыг гэнэт яриад гараад ирсэн юм. Энэ өнцгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн талаас гаргаж буй нь ил гараад ярьж буй хүмүүсээс нь тодорхой харагдаж байна. Учир нь тэд яг өнөөдрийн байдлаар энэ тулаанд ялагдаж яваа.
Сануулахад, Д.Амарбаясгалангийн талын П.Сайнзориг нарын гаргасан Засгийн газрыг огцруулах саналд 55 гишүүн дэмжиж гарын үсгээ зурсан бол УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичигт УИХ-ын 67 гишүүн хоёрхон өдрийн дотор гарын үсгээ зурсан. Тэгвэл УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг огцруулах бичгт гарын үсэг зурсан гишүүдийн тоо өнөөдрийн байдлаар 70 хүрсэн байхыг ч үгүйсгэхгүй. Засгийн газрыг 50+1 буюу 64 гишүүний саналаар огцруулах Үндсэн хуулийн заалттай. Тэгэхээр Д.Амарбаясгалангийн талынхны кноп нь хүрэхгүй байгаа учир Төрийн байгуулалтын байнгын хорооны өнгөрсөн баасан гарагийн хурлаар санал хураалгүй ажлын цаг тарсан гэх үндэслэлээр тараасан. Ингээд өнгөрсөн амралтын хоёр өдөр Д.Амарбаясгалангийнхан Г.Занданшатартай тохирч, "амь авах" бүх ажлыг хийсэн ч бүтэлгүйтсэн юм.
-Д.АМАРБАЯСГАЛАНГИЙНХАН ӨНГӨРСӨН ӨДРҮҮДЭД ЭВЛЭРЭХ САНАЛЫГ ТАВЬСАН Ч Г.ЗАНДАНШАТАР ХҮЛЭЭЖ АВААГҮЙ БАЙНА-
Улмаар өнгөрсөн даваа гарагт тус байнгын хорооны хуралдааныг баасан гарагийн ирцээр үргэлжлүүлсэн ч байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир "Санал өгөх гишүүд эзгүй байна" гэх үндэслэлээр дахин санал хураалгүй хурлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм.
Дэгийн хуулиар ирцэнд бүртгүүлсэн ч санал хураалтад оролцоогүй гишүүдийн саналыг эсрэг саналаар бүртгэгдээд явах учиртай. Гэтэл улаан цайм Дэгийн хууль зөрчсөн нь энэ. Тэд нэгэнт Засгийн газрыг унагаж чадахгүй, харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан огцрох нь тодорхой болсон тул "цаг авч" эцэст нь пүрэв гарагт ч чуулганы хуралдаанаар хэлэлцэх эсэх нь эргэлзээнд оруулж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн тооны харьцаагаар дүгнэлт хийхэд тус байнгын хорооны хурлаар Засгийн газрыг унагах өндөр магадлалтай ч эцсийн мөчид чуулганы хуралдаанд АН-ын 42 гишүүнтэй бүлэг жин дарна.
Тэд уг хэрүүлийн дундуур орж байр суурь илэрхийлж, үгээ хэлэхгүй байгаа ч эцсийн мөчид Г.Занданшатарыг "явуулна" гэхээсээ илүүтэй Д.Амарбаясгаланг “огцруулна” гэдэг дээр санал нэгдээд байгаа.
Тийм ч учраас өчигдрөөс эхлэн "Эцсийн мөчид АН-ынхан Г.Занданшатарыг тонгорно" зэрэг мессежийг нийгэмд шидэж өгч байна. Харин АН-ынхан наанаа "бүлгийн шийдвэрийг тулгаж байж гаргана. Хоёуланг нь огцруулах ёстой" гэж байгаа ч цаанаа 28 гишүүн нь аль хэдийн очоод Д.Амарбаясгаланг огцруулах бичигт гарын үсгээ зурчихсан. Тэд МАН-ын ойрхон хагарсан тоон дээр нэмэгдэж Засгийн газрыг авч үлдэх магадлал өндөр байгаа юм. Учир нь тус бүлэгт 100 хоносон Засгийн газартай хариуцлага ярихын оронд 6 орчим жил удирдсан Л.Оюун-Эрдэнийнхээ асуудлыг ярь гэх байр суурьтай олон гишүүн байгаа юм.
Харин Ерөнхий сайд Г.Занданшатар "эв нэгдэл шударга ёсонд тулгуурлах ёстой. Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл гэж байх учиргүй" гэж мэдэгдсэн. Товчхондоо, Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай хийх бодлогоо сөрж, УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай зөвшилцөж, эвлэрэх юм бол легитм буюу хууль ёсны зөвшөөрөгдсөн, олон нийтийн хувьд зөв гэж тооцогдох чанараа алдана.