Шувуудын жиргээ, мод шаагиж, салхи исгэрэх, горхины хоржигнох чимээгээр сонороо мялааж, нуурын урсгалыг харан аяга кофе оочлон тайван суух юутай сайхан. Энэ л байгалийн өнгө будаг, хөгжмийг бид мартаад удлаа. Үүрийн туяанаас үдшийн бүрий хүртэл үргэлжлэх дуу чимээ, уур бухимдал. Энэ л завгүй их хотын амьдралаас хэсэгхэн холдож амар амгаланг мэдрэхээ ч умартаж.
Тэгвэл хотоос гаралгүй энэ л тайван амгаланг мэдрэх боломжтой газар нэгээр нэмэгджээ. Энэ бол Санзайн эхэнд байрлах хиймэл нуур юм. Нийслэлээс 30 орчим км зайд байрлах тус хиймэл нуурын бүтээн байгуулалтын ажил дуусаагүй. Гэсэн ч хэдийн иргэдийн хувьд эчнээ сайн мэддэг, зорьж амардаг газар нь болжээ.
ВИДЕО:
Биднийг тус нуурын угтах хаалганд ирэх үед өдрийн 13 цаг болж байлаа. Энэ бол өдрийн хамгийн дулаан үе. Гэхдээ л намрын жавар цаанаа л жиндүүлнэ. Ингээд угтах хаалганаас хиймэл нуур хүртэлх 1,1 км сайжруулсан шороон замаар алхдаг юм байна. Тус замын зүүн талаар горхи хоржигнон урсана. Харин баруун талаараа хушин ойтой байх бөгөөд хэрэм гүйлдэж, шувууд жиргэх нь баясал төрүүлнэ. Энэ хэсэг бол нийслэлийн хамгийн их хушин ойтой хэсэгт тооцогддог. Эргэн тойрон хушин ойгоор хүрээлэгдэх ойн дунд 1.1 га талбай хиймэл нуурыг бий болгожээ.
Уг нуурыг 2023 онд төр хувийн хэвшлийн хамтралаар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Өдгөө нуурыг усны тохируулга, далан, очих сайжруулсан замын ажил дууссан байна. Далангийн нийт урт 863 метр, нуурын усан мандлын талбай 1.1 га бөгөөд эзлэхүүн 280 метр куб юм. Одоо автомашины зогсоол, иргэд тухлан суух саравч, сандал гээд тохижилтын ажил хийгдээгүй байгаа юм. Эдгээр ажлыг дууссаны дараа улсын комисс хүлээн авч, цаашдын үйл ажиллагааг гүйцэтгэгч компани хариуцах юм.
Анги хамт олон, найз нөхөд, гэр бүлээрээ эл газрыг зорьж очсон хүмүүс их байлаа. Тэдний хувьд энэ бүтээн байгуулалтыг сайшаахын зэрэгцээ хэдийн байнга зорчдог бүс нь болжээ. Өвөлдөө ирж хүүхдүүдээ гулгуулж, ойгоор зугаалдаг байна. Иргэдийн төлөөлөл “Энэ хиймэл нуурыг өнгөрсөн жилээс мэддэг болсон. Хиймэл нуур нь хотын дуу чимээнээс хол, цэвэр агаартай, амар амгалан үнэхээр гоё байдаг. Хүүхдүүд маань ч ирэх дуртай. Нуурын урсгалыг харж тайван суух гоё байдаг. Гэхдээ хүүхдүүд ус руу орчих вий гэх айдас байдаг. Яах араггүй бүтээн байгуулалтын ажил дутагдаж байгаа. Мөн нөгөө талд иргэд энэ хэсэгт ухамсартай, соёлтой байж хогоо бүү хаяасай гэж бодож байна” гэлээ.