ОХУ-ын Украины эсрэг явуулж буй дайны фронтод гадаадын иргэдийг өндөр цалинтай ажилд зуучилна, их хэмжээний урамшуулал олгоно гэх зэргээр хууран мэхэлж, цэрэгт элсүүлж байгаа талаар бид өмнө нь удаа дараа мэдээлж байсан.
Тэгвэл Монгол Улсын иргэн Д.Эрдэнэмөрөн нь ОХУ-д өндөр цалинтай ажил хийхээр явна хэмээн 2026 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр гэрээсээ гарчээ. Гэвч тэрбээр ОХУ-д очсоныхоо дараа Оросын армид хууртагдан татагдсан талаараа ар гэрийнхэндээ мэдэгдсэн байна.
ВИДЕО:
ОХУ-ын зүгээс гадаадын иргэдийг цэрэгт элсүүлэхдээ өндөр цалин, элсэлтийн урамшуулал амлаж, барилгын ажил, жолооч, хамгаалалт, ложистикийн ажил санал болгодог боловч тус улсад очсоных нь дараа цэргийн гэрээ байгуулахад хүргэж, улмаар фронт руу илгээдэг тохиолдлууд бүртгэгдэж байна. Монголын баримт шалгах төвөөс энэ сарын 13-нд гаргасан баримт шалгалтаар Монголд ч ийм төрлийн хуурамч зар түгээж байгааг анхааруулсан юм. Иймд гадаадад өндөр цалинтай ажилд зуучилна гэх зарын үнэн бодит байдлыг нягтлахгүйгээр хувийн мэдээлэл, бичиг баримтаа өгөх, гэрээ байгуулах, гадаад улс руу зорчих нь амь нас, эрх чөлөөнд ноцтой эрсдэл учруулж болзошгүй байна.