Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, монгол улсын хүний эрхийн үндэсний комисс хамтран “Хүний эрх ба төрийн бүтээмж” сэдэвт сургалт зохион байгууллаа

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, монгол улсын хүний эрхийн үндэсний комисс хамтран “Хүний эрх ба төрийн бүтээмж” сэдэвт сургалт зохион байгууллаа

Тус сургалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, Налайх, Багануур, Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийт 45 албан хаагч хамрагдав.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар болон Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын хооронд 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “төрийн байгууллага, албан тушаалтнаас шалтгаалсан хүний эрхийн зөрчлийн талаарх мэдээлэл солилцож, хүний эрхийн зөрчлийг бууруулах” чиглэлд Хамтран ажиллах төлөвлөгөө баталсан бөгөөд энэ удаагийн сургалт нь тус төлөвлөгөөний хүрээнд зохион байгуулагдаж байна.

Сургалтыг нээж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид хэлэхдээ “Төрийн бодлого, шийдвэр тодорхой, албан хаагчийн үйл ажиллагаа ойлгомжтой, байгууллагуудтай уялдаа холбоотой байснаар иргэдийн эрхийг үр дүнтэй хамгаалах боломжтой. Иймд энэ удаагийн сургалтаар албан хаагчдад хүний эрхийн зөрчлийг хэрхэн таних, хянах, хүний эрх зөрчигдөхөөс сэргийлэх талаар мэдээлэл өгч, ур чадвар төлөвшүүлэхэд зорьж байна.” гэлээ.

Мөн сургалтыг нээж Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Батцэцэг “Манай байгууллага иргэдээс нутгийн захиргааны байгууллагад гаргасан өргөдөл, гомдолд дүн шинжилгээ хийхэд өргөдөл, гомдлын тоо жил ирэх бүр нэмэгдэж буй, түүний дийлэнхийг гомдол эзэлж буйг анзаарсан. Энэ нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэд сэтгэл хангалуун бус байгаа, байгууллагын хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөр зорилгодоо хүрэхгүй байгааг илтгэж байна. Иймд төрийн албан хаагч үйл ажиллагаандаа хүний эрхийг хангах, хүний эрхийн мэдрэмжтэй байх, хүний эрхийн зөрчлийг бууруулах талаар ойлголт, мэдээлэл өгч, чадавхжуулахад энэ удаагийн сургалтын зорилго оршиж байна.” хэмээн онцоллоо.

Сургалтын үеэр “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх тайлан, мэдээ гаргах, хүргүүлэх журам”-ын төсөл, төрийн байгууллагад хэрэгжүүлсэн Процессын дахин инженерчлэлийн судалгааны арга, аргачлал, олж мэдсэн туршлагын талаар мэдээлэл өгч, “Хүний эрхэд суурилсан хянан шалгах ажиллагаа”, “Хүний эрх хамгаалагчийг хамгаалах нь”, “Хүний эрхийн зөрчил ба гомдол шийдвэрлэх ажиллагаа”, “Ажлын байрны дарамт, хүчирхийлэл хүний эрхийн зөрчил болох нь” сэдвээр тус тус сургалт явууллаа.