СУРВАЛЖИЛГА: 10 орчим жил туулайн аж ахуй эрхэлж буй Х.Жавхлантынд зочиллоо

СУРВАЛЖИЛГА: 10 орчим жил туулайн аж ахуй эрхэлж буй Х.Жавхлантынд зочиллоо

Амьдралынхаа 10 орчим жилийг амьтдыг хайрлаж, тэжээж бусдад үрчлүүлэхэд зориулсан Х.Жавхланттай ярилцлаа. Найзынх нь бэлэглэсэн хоёр туулай өдөө 30 орчим туулай болж, өргөжихийн зэрэгцээ түүний хобби, сонирхол болжээ. Үндсэн найман цагийн ажилтай ч түүнтэй зэрэгцүүлэн амьтдыг хайрлаж, энэрдэг тэрбээр олон үүлдрийн гоёмсог тагтаа, тахиа, туулай, шувуудыг тэжээдэг байна. 

ВИДЕО:

-Анх хэдэн оноос туулай тэжээж эхэлсэн бэ?

-Анх надад найз маань 2007 онд хоёр ширхэг туулай бэлэглэсэн юм. Гэтэл өдгөө 20 охин туулай, таван эр туулайтай болсон байна. Туулай хоёр сар болоод л бөжин гаргадаг. Тэр бөжингүүдээ өхөөрдөөд, хайрлаад байж байдаг. Мөн тэжээх хүсэлтэй хүмүүст нь өгдөг. 

-Амьтанд хайртай хүн учир л өдийг хүртэл тууштай амьтдаа хайрлаж ирсэн байх.

-Миний хүүхэд нас өвөө эмээтэй минь салшгүй холбоотой. Өвөө эмээ дээрээ өссөн юм. Тэд маань гахай, тахиа, ямаа гээд л маш олон төрлийн амьтан тэжээдэг. Амьтанд маш их хайртай хүмүүс байсан юм. Хашаан дахь ногоон зүлгээ хүртэл маш их хайрладаг байлаа. Тийм хүмүүсийн хажууд өссөн нь өдгөө намайг амьтанд хайртай хүн болгон төлөвшүүлсэн санагддаг.

-Та ямар ямар үүлдрийн туулай тэжээж үзэж байсан бэ?

-Туулай дотроо нилээн олон төрөл байдаг. Жишээ нь, Ангор туулай бол дэлхийн хамгийн сагсгар туулай. Молтогчин ч бий. Мини унжуу чихт туулай нь болохоор жижиг болоод ирдэг. Аль болох олон янзын туулай тэжээж үзэх сонирхолтой доо.

-Хашаанд одоо байгаа 20 бөжинг бүгд л өөр өөр өнгийн өнгө зүстэй юм. Зөвхөн чих нь хар зүстэй хүртэл байна шүү дээ. Бүгд цагаан байдаггүй байх нь.

-Эцэг эхийнх нь өнгөнөөс шалтгаална. Эцэг нь саарал, эх нь цагаан байлаа гэхэд хар алаг гарах жишээтэй. Бусад амьтадтай л ижил. Цав цагаан хэр нь зөвхөн хоншоор нь хар байх нь ч бий. Тэр бүрийг нь харахаар хайр хүрээд байдаг юм.

-Туулай тэжээх хэр хэцүү вэ?

-Ер нь тэжээхэд бүх амьтан хэцүү. Гол нь сэтгэл зүрхээ гаргаж, хайрладаг, хариуцлагатай байх хэрэгтэй. Хоол ундыг нь тогтмол цагт өгч, баас шээсийг нь цэвэрлэдэг байх нь чухал. Би заримдаа тахиа, тагтаа, туулай гээд амьтдаа хараад 2-3 цаг суучихсан байдаг. Нөгөө хэдийн маань нүд, ам, хөл нь зүгээр байна уу гээд л ажиглаад сууна. Амьд амьтан хайрлана гэдэг туулай, нохой, муур  байна уу ялгаагүй шүү дээ.

-Амьтан хайрлаж, тэжээх нь ялангуяа хүүхдэд ямар ач холбогдолтой бол?

-Хүүхдүүд амьтан хайрлаж сурснаар эцэг эх, хань ижил, найз нөхөд цаашлаад эх орноо хайрладаг иргэн болно гэж би боддог. Ер нь өөр бусдыг хайрлаж, энэрч сурна гэдэг хамгийн чухал зан шүү дээ. Бид мөнх настай биш. Үр хүүхдээ жаахан ч гэсэн зөв төлөвшилтэй хүн болоосой гэж хүснэ. Мөн нөгөө талд тэгж хүмүүжүүлэх нь үүрэг.

-Та үндсэн цагийн ажлын хажуугаар хэрхэн амжуулж байна вэ?

-Би өглөө 4-5 цагийн хооронд босдог. Тэгээд амьтдаа хооллож, ундлаад явдаг. Харин орой түгжирсээр гэртэй 19 цаг гээд ирдэг. Тэгээд л амьтаддаа хоёр, гурван цаг гаргадаг. Хамгийн чухал нь өглөө орой өтгөн, шингэнийг нь цэвэрлэх маш чухал. Тийм болохоор манай хашаа үнэргүй байдаг. Тэгж байж хамт амьдарч байгаа бусад иргэддээ төвөг болохгүй амьдарна. Ер нь ямар ч амьтан тэжээсэн хариуцлагатай байх ёстой.

-Туулайнуудаа та юугаар хооллодог вэ. Өдөрт хэр их хэмжээний хоол иддэг бол?

-Хүмүүсийг ажиглахад туулайг янз бүрээр хооллодог юм билээ. Миний хувьд үйлдвэрийн хоол л өгдөг. Ялангуяа ходоодны өнгөр нь бүрэн тогтоогүй бөжинд шууд ногоо өгөх нь сөрөг нөлөөтэй. Гэдэс нь өвдсөөр байгаад үхчихдэг. Үйлдвэрийн хоол витамин, кальцитай өсөлтийг нь дэмжинэ. Мөн үсийг нь унагаадаггүй. Туулайны хувьд үс нь улам гоё хөвсгөр болно.

-Өдийг хүртэл хугацаанд олон янзын амьтан тэжээх үед шантрах үе хэр гарч байв.

-Тийм ээ. Байлгүй яах вэ. Нэг удаа хүчтэй аадар бороо гэнэт ороод хайртай бүжингээ үхүүлчихсэн. Тэр үед их харамсаж уйлж байсан. Тэр бүрд л туршлага суугаад байдаг. Мэдээж, амьтан тэжээж байгаа учир үхүүлэх үе байна. Тэр үеүдэд их хэцүү санагддаг.

-Танд үнэхээр тэжээж чадахгүй нь гээд авчирч өгөх хүн их байдаг бололтой. Хүмүүсийн хувьд сэтгэл хөдлөлөөр хандаад байх шиг байна?

-Тэгэлгүй яах вэ. Зарим хүмүүс сэтгэлийн хөдлөлөөр битгий амьтан аваарай гэж хэлмээр байна. Судалж үзээд авах хэрэгтэй. 10 хоноод уйдаад эхлэхээрээ буцаж зарах гэж үздэг. Зарагдахгүй бол гудамд гаргаад хаячхаж болохгүй.

-Туулай тэжээх гэж буй хүн шээс нь маш хурц үнэртэй гэдгийг хамгийн түрүүнд мэдэх ёстой санагддаг.

-Тийм ээ. Аливаа амьтан бүгд байгалийн амьтан шүү дээ. Үнэр гаргана. Гэхдээ өглөө орой тогтмол цэвэрлээд байвал гайгүй байдаг. Мөн туулайны шээс бронхит, астматай хүмүүст сайн гэж ярьдаг. Долоо хоног хамт амьдарчхаад аваад ирье гээд гуйх хүмүүс ч байдаг.

-Танаас хүмүүс зөвлөгөө, мэдээлэл авдаг. Иймд хүссэн, хүсээгүй тодорхой хэмжээний жижиг бизнес болжээ. Та туулайн тор, хоол хүнсийг мөн борлуулдаг юм байна.

-Тийм ээ. Надаас амьтан авахаар ирсэн хүмүүс бүгд л асуудаг юм. Ялангуяа, хоол хүнсийг нь яах вэ гэж асууна. Өөрт байгаа хоолноосоо бага зэргийг өгөөд явуулаач гэж гуйдаг. Угаасаа би үйлдвэрээс тогтмол авдаг учир хямд үнээр иргэддээ олоод өгчихье гэж л санадаг. Тэгээд машины гражаа жижиг дэлгүүр болгочихсон. Бүх төрлийн л хоол хүнс, эм, витамин, тор гээд хэрэгтэй зүйл байна. 




Өнөөдөр тахиа өдөр

17 цагийн өмнө