Ганга нуурыг бохирдож ширгэхээс хамгаалан урсацыг сайжруулж байна

Ганга нуурыг бохирдож ширгэхээс хамгаалан урсацыг сайжруулж байна

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Ганга нуурын ус намгархаг газрыг байгалийн аясаар сэргээхээр “Ганга нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах урсацыг сайжруулах” төслийн хоёрдахь шатыг хэрэгжүүлж байна.

Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэдээлснээр Ганга нуурыг бохирдож ширгэхээс хамгаалах, урсацыг сайжруулахаар нуурын тэжээлийн "Баян булаг"-ын эхийг хашиж хамгаалах, Оргихын булгаас Ганга нуур луу явах 300 метр урт, 1.5 метр өргөн эко хавтан ашиглан явган хүний зам тавьж байна. Тохижуулах талбайд 4x5 хэмжээтэй сүүдрэвч, сандал байрлуулжээ.

Мөн цаг уурын өөрчлөлтийн улмаас нуурын ус татарч, зарим жилд ширгэдэг болоод байгаа Ганга нуурын хойд хэсэгт хамгаалалтын ойн зурвас болох 3000 метр урт 11 эгнээ талбайн модыг нөхөж тарих юм. Ингэхдээ хатсан моддыг сугалан авчирэх сарын 15-наас эхлэн хайлаас, бургасны 2-3 настай суулгац гэхчлэн 8993 мод тарихаар бэлджээ. Ганга нуурын хойд хэсэгт шланк татаж, модны тоогоор дуслын усалгааны систем холбон, модны усалгааг системжүүлж, усалгааны давтамж, цагийн менежмент хийж, ажлын ачааллыг багасгахаар угсарчээ.