Өнөөдөр, маргааш өдөртөө ихэнх нутгаар дулаан байх боловч, энэ сарын 12-ноос нутгийн баруун хагаст, 13-нд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай хүйтэн байна.
Өнөөдөр нугийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +12…+17 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +22...+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +28...+33 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. +17...+19 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.