"Их бит" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нарын койны зарим хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгож, шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, дээрх нэр бүхий хүмүүст холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн оны тавдугаар сарын 17 /2024.05.17/-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, улмаар шүүхээс хэргийг прокурорт буцаасан байдаг. Харин прокуророос О.Мөнхжин, Б.Гантиг нарт холбогдох хэрэгт дахин яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хуулийн 18.20 дугаар зүйл буюу Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах зүйл ангиар ялласан байсан юм. Харин шүүх тус хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийг өнгөрсөн зургаадугаар сарын 19 /2025.06.19/-ны хийж, хэргийг прокурорт буцаасан байдаг.
Шүүхээс О.Мөнхжин, Б.Гантиг нарт холбогдох хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр ийнхүү прокурорт буцаасан ч прокуророос хэргийг дээрх ганц зүйл ангиар хэргийг шийдэх боломжтой хэмээн үзэж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эсэргүүцэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Шүүх прокурорын бичсэн энэхүү гомдлыг өнөөдөр /2025.08.26/ хэлэлцэхээр товложээ.
-ШҮҮХ ПРОКУРОРЫН ЭСЭРГҮҮЦЛИЙГ ХҮЛЭЭН АВБАЛ О.МӨНХЖИН, Б.ГАНТИГ НАР ТОРГОХ ЯЛ СОНСОЖ МАГАДГҮЙ-
Хэрэв Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцэх шийдвэр гаргавал О.Мөнхжин, Б.Гантиг нар нь 2-10 сая төгрөгөөр торгох, 6-2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял эсвэл 6 сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэгдэх зүйл ангиар шүүгдэх юм. Эс бөгөөд уг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, прокуророос дахин яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх нөхцөл байдал үүснэ.
Эргэн сануулахад, Нийслэлийн Прокуророос "Их бит" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нарт Эрүүгийн хуулийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 18.20 дугаар зүйлийн 1 /Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж байсан юм. Уг хэргийн шүүхийн шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.