ХОХИРОГЧ А: "Орон сууц түрээсэлнэ" гэсэн зараар холбогдоод жирэмсэн гээд учраа хэлтэл "Танд л түрээсэлье. Урьдчилгаа 2 саяыг шилжүүлчих" гээд залилсан

ХОХИРОГЧ А: "Орон сууц түрээсэлнэ" гэсэн зараар холбогдоод жирэмсэн гээд учраа хэлтэл "Танд л түрээсэлье. Урьдчилгаа 2 саяыг шилжүүлчих" гээд залилсан

Намар болж хичээл, сургууль эхлэх дөхсөн энэ үед байр түрээслүүлэх зар байршуулж бусдыг залилах тохиолдол маш их гарч байна. Иймд бид иргэдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс “үнэгүй.мн” зарын сайтын “байр түрээслүүлнэ” гэх зарын дагуу холбогдож, залилуулсан гэх иргэнтэй ярилцлаа.

ВИДЕО:

-Ямар зарын дагуу холбогдож, хэзээ, хэдэн төгрөгөө залилуулав гэдгээс хоёулаа яриагаа эхэлье?

-Нэг өрөө байр түрээслэх шаардлагатай болоод үнэгүй.мн зарын сайтаас орон сууц түрээслүүлнэ гэх зарын дагуу мэдээллүүдийг хайж байсан. Зар хайж байхдаа өмнө нь хэд хэдэн залилангийн зартай таарсан л даа. Тэд нар нь шууд мөнгөө нэхээд байсан учраас залилан байж болзошгүй юм байна гээд өнгөрөөсөн. Миний хувьд гурваас дөрвөн өдөр л зар хайхад хэд хэдэн залилантай тэгж таарсан. Улмаар зар хайж байгаад долдугаар сарын 29-ний өглөө 1+1 нөхцөлтэйгөөр нэг сая төгрөгийн үнэтэй нэг өрөө байрны зар харсан. Тухайн байрыг харахад маш цэвэрхэн байр байсан юм. Манай Монголд ер нь байр түрээслэх гэхээр хамгийн гол нь цэвэрхэн байр байдаггүй шүү дээ. Тэр байр бол үнэхээр цэвэрхэн байр байсан учраас орчих санаатай түрээслэгч рүү нь ярьсан. Ярихад 30 гаруй насны эмэгтэй хүн байсан. Тэр хүнтэй утсаар ярихдаа “Нөхөртэйгөө хоёулаа сууна. Бид хоёр хоёулаа тогтсон ажилтай. Би өөрөө жирэмсэн хүн учраас цэвэрхэн орчин хэрэгтэй байгаа. Танай байр маш их таалагдаж байна. Төлбөрийн нөхцөлийг нь 3+1 болгож нэмээд бид хоёр түрээслээд сууя” гэж санал тавьсан. Хариуд нь “Ижлээ” гэх хаягнаас зар тавьсан хүн “Өө тийм үү. Жирэмсэн юм бол цэвэрхэн орчин хэрэгтэй” гээд бид хоёрын асуудлыг үнэхээр сайн ойлгож байгаа шинжтэй ярихаар нь бид хоёр ч итгэчихсэн.

Тэгээд тэр хүн “Эгч нь одоохондоо ажилтай байгаа юм аа, ажлаа дуусгаад гарч очоод байраа үзүүлье. Хөдөөнөөс оюутнууд яриад 2+1 нөхцөлтэйгөөр урьдчилгаа мөнгөө шилжүүлэх гээд миний дансыг авчихаад байж байна” гэсэн.

Би ч өөрөө байрнаасаа гарах хугацаа тулчихсан байсан учраас “би тэгвэл урьдчилгаа болгоод илүү мөнгө шилжүүлье. Та байраа түрээслэхгүй байж болох уу” гэж хэлээд долдугаар сарын 29-ний 12:40 цагт урьдчилгаа болгож хоёр сая төгрөгөө “Болдхүүгийн Ижилцэцэг” гэдэг данс руу шилжүүлсэн. Мөнгө шилжүүлсний дараа үнэгүй.мн дээр тавьсан зараа устгахгүй байгаад байсан л даа. Зарыг устгахад тодорхой хэмжээний хугацаа ордог байх гээд түүнийг нь бол нэг их тоогоогүй. Тэгж байгаад өдөр 15:00 цагийн үед байр түрээслүүлэгч залгаад “дахиад 1.5 сая төгрөг хийчих. Би 05:00 цагаас өмнө банк орж зээлээ төлөх ёстой байгаа юм” гэсэн учир битүүлэг зүйл ярьсан. Тухайн үед л бид хоёр энэ залилан юм биш биз дээ гэж айж сэжиглэж эхэлсэн. Тэр үед нь нөхөр бид хоёр мөнгө нэмж шилжүүлээгүй. Тэгээд зар дээр байсан зургаар нь google дээр  хайж үзэхэд зарах гээд зар тавьсан огт өөр хоёр өрөө байрны зурагны нэг өрөөний зургийг нь тасдаж аваад өөр байрны 00-ын зурагтай нийлүүлсэн зар болж таарсан. Тэгээд тэр даруй бид хоёр нөгөө зар тавьсан эмэгтэй рүү ярихад “Би хүнсний 4-ийн Номин дээр ирчихсэн байна. Та хоёр хүрээд ир. Ямар ч залилан байхгүй” гэж хэлсэн л дээ. Түүнийх нь дагуу бид хочр яваад очиход утсаа салгаад алга болсон. Энэ хүртэл бид хоёр ер нь тэвчээртэй хандаад, цагдаад мэдэгдэхгүй байсан нь бидний хувьд маш том алдаа болж таарсан. Гэхдээ нөгөө талаар эмэгтэй хүн, дээрээс нь намайг жирэмсэн гэдгийг маш сайн ойлгож яриад байсан учраас итгэчихсэн л дээ. Ямартай ч луйвардуулснаа мэдээд цагдаад дуудлага өгөөд бүртгүүлсэн боловч аль хэдийнээ 5, 6 цаг өнгөрчихсөн байсан учраас данс дээр нь барилт хийх ямар ч боломжгүй болчихсон байсан. Цагдаа нарын хэлснээр үнэгүй.мн болон бусад зарын сайтуудаар ингэж хүмүүс залилдаг тодорхой хэдэн иргэн байдаг гэсэн. Гэхдээ намайг залилсан иргэний данс нь ижил, танил данс байгаагүй. Мэдээж энэ бол иргэний санамсар болгоомжгүй үйлдлээс ч болж байгаа. Гадуур ер нь ийм залилан маш их байгаа юм билээ.

Удахгүй хөдөө орон нутгаас оюутан дүү нар маань ирнэ. Тэр эмэгтэй өдөржин үнэгүй.мн дээр зараа тавиад нэг өдөр болоход өдөржин л утас нь “завгүй байна” гээд байсан. Тэгэхээр энэ хүн рүү маш олон хүн мөнгөө шилжүүлж луйвардуулсан байх гэж бодож байгаа.

-Уг үйл явдал болоод гурав хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагаас ямар арга хэмжээ авсан бэ. Мөн цагдаагийн байгууллагаас хэргийг шалгах процесс ямар шатандаа явж байгаа талаар та бүхэнд мэдээлэл өгсөн болов уу?

-Залилуулаад гурван цагийн дотор ч юм уу цагдаагийн байгууллагад мэдэгдвэл шилжүүлсэн данс дээр нь барилт хийж байгаад зээлүүлсэн мөнгийг нь олоод өгөх боломж байдаг юм байна лээ. Гэхдээ миний хувьд удчихсан байсан. Зарим хүмүүс бүр хоноод ирдэг бол зарим нь тэр чигт нь хаячихдаг гэсэн. Тэр нь луйварчдыг давраах нэг нөхцөл болоод байгаа юм байна. Цагдаагийн байгууллага дуудлага өгсөн даруйд бүртгэж аваад, дансны мэдээллийг нь аваад залгаж үзсэн боловч мөн л авахгүй, утсаа авчихаад дуугарахгүй байсан. Тэгээд надаас мэдүүлэг аваад нэг мөрдөгчид шилжүүлээд шалгана гэсэн. Одоогоор ямар нэгэн хариу ирсэн зүйл алга. Энэ нь нэг талаараа луйвар хийсэн хүмүүсийг даврааж байж магадгүй. Нөгөө талаар цагдаа нар маань иймэрхүү залилангийн шинжтэй хэргүүд дээр хурдан шуурхай ажиллах хэрэгтэй юм болов уу гэж бодож байна. Энэ тохиолдолд залилан хийсэн хүн нь баригддаг. Хэдий утас нь холбогдохоо байсан ч гэсэн надад утасны дугаар болон дансны мэдээлэл нь үлдэж байгаа. Энэ дагуу залилагчийг маш хурдан олж тогтоодог гэж цагдаа нар хэлсэн. Гэхдээ маш олон хүнийг хохироосон байдаг учраас мөнгөө эргүүлж олж авах нөхцөл төдийлөн ховор гэж цагдаагийн байгууллагаас хэлж байна лээ. Энэ хэрэг дээр бидний анхаарал сэрэмжээ алдсан, мэдлэг мэдээлэлгүй байсны буруу гэж байгаа. Гэхдээ залилагч нар үнэхээр сайн толгой эргүүлж, итгэн үнэмшүүлдэг юм байна лээ. Мөн дээрээс нь цагдаагийн байгууллага үүн дээр хурдан шуурхай ажиллаад, иргэдэд мэдлэг, мэдээлэл түгээхгүй бол намар болоод шинэ оюутан хүүхдүүд ирнэ.

Яг энэ үеэр залилан маш их гарч болзошгүй. Тийм болохоор иргэд маань сэрэмжтэй байж, цагдаагийн байгууллагаас ч сэрэмжлүүлэг гаргаж, шуурхай ажиллаасай гэж хүсэж байна.

-Та хоёрын хувьд шинэ, залуу гэр бүл байна. Өөрөө бие давхар болсноо ч нөгөө хүмүүстээ хэлсэн байна. Анх залилуулсан гэдгээ мэдээд өөрт чинь ямар санагдсан бэ. Мэдээж цохилт болсон байх тийм үү?

-Бид хоёрт байр түрээслэх гэж байсан хоёр сая төгрөг л байсан. Тэрийгээ л бүгдийг нь шилжүүлсэн. Мэдээж буцаад ирэх цохилт үнэхээр хэцүү байсан. Айл гэр авч явах гэж байгаа нөхөр маань маш их стресстэнэ. Би өөрөө ч яагаад ийм алдаа гаргачихав гээд маш их харамссан. Гэхдээ бид хоёр хүүхдээ бодоод маш тайван байгаа. Би өөрөө жирэмсэн учраас гол нь тайван байхгүй бол болохгүй. Ер нь мөнгөө олж авч чадахгүй гэдгээ мэдсэн. Одоо байгаа байрнаасаа зайлшгүй нүүх шаардлагатай байсан боловч түрээсийн мөнгөгүй болчихсон энэ нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа. Гэхдээ бид хоёр хотод удчихсан, ажил хийдэг хүмүүс учраас ямар нэгэн арга олж болно. Гэтэл хөдөөнөөс орж ирж байгаа оюутан дүү нар маань мөнгөө, урьдчилгаагаа шилжүүлсэн байхад залилан байвал яах билээ. Тийм болохоор миний энэ яриаг арав, хорин оюутан ч болтугай үзээд аав, ээжийнхээ мөнгийг луйвардуулахгүй өнгөрөөсэй гэсэн үүднээс яриад сууж байна.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө