УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг 2015 онд баталсан Сонгуулийн тухай хуулийг өөрчилж, Ерөнхийлөгч, УИХ, нийслэл, орон нутгийн сонгуулийг тус бүр өөр хуулиар зохицуулах хувилбарыг боловсруулаад байна. Мөн тус ажлын хэсэг 2020 оны сонгуулийг Монгол улс нэг тойрог буюу томосгосон тойрогтой пропорциональ системээр явуулах саналыг эхний байдлаар намын бүлэгтээ танилцуулж, дэмжлэг авсан. 2020 оны сонгууль үнэхээр тус ажлын хэсгийн боловсруулсан хувилбараар явах уу гэдэг асуулт энэ өдрүүдэд хамгийн түгээмэл тавигдаж байна.
-ТОЙРОГТ ЯЛАХ ЧАДАМЖГҮЙ ХҮМҮҮСЭЭ НАМЫН ЖАГСААЛТААР УИХ-Д ОРУУЛАХААР ЯРЬЖЭЭ -
Тэгвэл ирэх онд болох УИХ-ын сонгуулийг Монгол улс нэг том тойрог гэх системээр явуулахгүй нь МЭДЭЭЖ болжээ. Эрх баригч МАН-ынхан наанаа улс нэг тойрог гэж шоудаж иргэдэд молиго үмхүүлээд, ханцуйн дотроо тэс өөр зүйл ярилцаж буй талаар эх сурвалж мэдээллээ.
Тодруулбал, эрх баригчид 2020 оны сонгуулийг холимог буюу хувь тэнцүүлсэн системээр явуулахаар тохирсон гэх мэдээлэл байна. Сонгуулийн энэ хувилбар дээр ганц эрх баригч нам бус МАН-ын дарга У.Хүрэлсүх, АН-ын дарга С.Эрдэнэ, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарыг тохирсон хэмээсэн юм.
МАН-ынхан сонгуулийг энэ системээр явуулж тойрогт ялалт байгуулах чадамжгүй болсон, нэр хүнд нь унасан гишүүдээ УИХ-д оруулж ирэхээр ярилцсан байна. Тодруулбал, ЖҮДХС-аас зээл авч иргэдийн боломжийг булаасан гэх Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүнээс гадна парламентад олон удаа сонгогдсон ч дорвитой ажил хийгээгүй Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин, Н.Энхболд тэргүүтэй гишүүдээ дахин УИХ-д оруулж ирэхээр эхний байдлаар ярилцжээ. Цаашлаад Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг жагсаалтаар УИХ-д оруулах талаар МАН дотроо ярьжээ.
Энэ хэрээр нэр цэвэр залуусаа Улаанбаатарт нэр дэвшүүлэх асуудлыг аль хэдийн ярьж эхэлсэн бөгөөд цаашлаад намаасаа гарсан сонгууль ялалт байгуулж мэдэх залуусаа эргэн намдаа орох саналыг хүртэл тавьж эхэлжээ.
2020 ОНЫ СОНГУУЛИЙГ ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН СИСТЕМЭЭР ЯВУУЛАХЫН ТУЛД ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
Хувь тэнцүүлсэн системийг Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцээс гаргасан. Тийм учраас 2016 оны сонгуулийг 100 ХУВЬ мажоритар тогтолцоогоор зохион байгуулсан билээ.
Хэрвээ 2020 оны сонгуулийг хувь тэнцүүлсэн системээр явуулбал Үндсэн хууль зөрчинө гэсэн үг. Тэгэхээр Үндсэн хуулинд заавал өөрчлөлт оруулж байж ирэх жилийн сонгуулийг хувь тэнцүүлсэн хэлбэрээр явуулах саналд эрх баригчид нэгджээ.
Хувь тэнцүүлсэн системийг зөв ашиглаж чадвал намын жагсаалт тухайн намын нүүр царай, бодлого болдог. Гэвч манайд тойрогт нэр дэвшээд ялалт байгуулах боломжгүй нэр хүнд нь унасан хүмүүс намдаа их мөнгө өгснөөр жагсаалтын дээгүүр эрэмбэлэгдэх, улмаар УИХ-ын гишүүн болох гэх зэрэг сөрөг үр дагавар авчирсан юм.
Тэгэхээр МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулсны дараа өнөөдөр танилцуулаад буй сонгуулийн хувилбараа өөрчлөх асуудлыг ярьж мэднэ.