Монгол, Камбож хоёр улс нь БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёол, тэргүүн хатагтай асан Ким Кеон Хи нарыг мөрдөн шалгах ажиллагааны “гол цэг” болж байна гэж мэдээлжээ

Монгол, Камбож хоёр улс нь БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёол, тэргүүн хатагтай асан Ким Кеон Хи нарыг мөрдөн шалгах ажиллагааны “гол цэг” болж байна гэж мэдээлжээ

БНСУ-ын тусгай өмгөөлөгчдийн хийсэн хоёр тусдаа мөрдөн байцаалтын ажиллагаа буюу тус улсын тэргүүн хатагтай асан Ким Кеон Хитэй холбоотой хээл хахууль авсан хэрэг болон Ерөнхийлөгч асан Юн Сок Ёолын хуйвалдааны хэргээр Камбож, Монгол хоёрыг мөрдөн байцаалтын төвд оруулаад байна гэх мэдээллийг “Korea Times" нийтэлжээ.

Уг нийтлэлд, Камбожийн хөгжлийн сан шашны байгууллагаар дамжуулан БНСУ-ын тэргүүн хатагтайд нөлөө үзүүлэхийг эрэлхийлсэн эсэх, Өмнөд Солонгосын цэргийн тагнуулынхан Монгол дахь Хойд Солонгосын Элчин сайдын яамтай холбоо барьж, Умард Солонгосыг дайны байдал зарлах үндэслэлтэй арга хэмжээ авахыг оролдсон эсэхийг прокурорууд шалгаж байгаа тул Камбож, Монгол хоёр улс мөрдөн байцаалтын гол цэг болж байна. Хэргүүдийг тодруулбал, Тусгай зөвлөх Мин Жун Ки тэргүүтэй багийнхан сүмийн ахлах ажилтан Юн Ён Хог Жон Сон Бэ хэмээх зөвлөхөөр дамжуулан тэргүүн хатагтай асанд үнэтэй бэлэг өгсөн гэх хэргийг шалгаж байна. Эдгээр бэлгүүдэд 60 сая вон буюу 43,900 ам.долларын үнэтэй очир эрдэнийн зүүлт, тус бүр нь 10 сая воноор үнэлэгдэх Chanel брэндийн хоёр гар цүнх багтжээ.

Сүмийн төв оффисуудаас төлбөрийн баримт болон холбогдох бичиг баримтууд олдсон бөгөөд прокурорууд үүнийг лобби хийх гэсэн үйлдлийн нотолгоо гэж үзэж байгаа аж.

Мөрдөн байцаагчид эдгээр бэлгийг Камбож дахь томоохон бүтээн байгуулалтын төсөл, YTN мэдээллийн сувгийг худалдан авах, Өмнөд Солонгост НҮБ-ын төлөөлөгчийн газар байгуулах тендер зэрэг сүмийн оролцсон янз бүрийн ажилд дэмжлэг үзүүлэхийн тулд санал болгосон эсэхийг шалгаж байна. Мөн 2022 оны зургаадугаар сард Солонгосын засгийн газар Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас (EDCF) Камбожид олгох зээлийн дээд хязгаарыг 700 сая ам.доллараас 1.5 тэрбум ам.доллар болгон хоёр дахин нэмэгдүүлсэн. Энэхүү бодлогын өөрчлөлтөд лобби нөлөөлсөн эсэхийг прокурорууд шалгаж байгаа юм.

Харин Чо Юн Сокоор ахлуулсан тусгай зөвлөх баг Өмнөд Солонгосын цэргийн тагнуулын алба Монгол Улсын Улаанбаатар хот дахь Хойд Солонгосын албаны хүмүүстэй холбогдохыг оролдсон эсэхийг шалгаж байна. Энэ явдал 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд дайн тулааны байдал зарлахаас хэдхэн хоногийн өмнө болсон. Өмнөд Солонгосын цэргийн тагнуулын хоёр ажилтныг Монгол дахь БНАСАУ-ын Элчин сайдын яамтай орон нутгийн зуучлагчаар нууцаар холбогдохыг завдсан хэргээр тагнуулынхан саатуулжээ. Мөн Өмнөд Солонгосын дотоодын цэргийн тагнуулын баримт бичгүүдэд тэдний холбоо барих зорилго нь Хойд Солонгосын Элчин сайдын яам байсныг харуулсан байна.

Улмаар тусгай мөрдөгчид уг оролдлого нь Өмнөд Солонгост онц байдал тогтоохыг зөвтгөх хариу арга хэмжээ авахын тулд Хойд Солонгостой хуйвалдаан хийх оролдлого байсан эсэхийг шалгаж байгаа аж.

Сонирхуулахад, Зэвсэгт мөргөлдөөнийг өдөөх зорилгоор гадаадын байгууллагатай хамтран ажиллахыг хориглосон Солонгосын Эрүүгийн хуулийн 92 дугаар зүйлд зааснаар эдгээр үйлдэл нь гэмт хэрэг мөн эсэхэд зөвлөхийн баг дүгнэлт хийж байна. Мөрдөн байцаагчид гадаад улстай хамтран цэргийн ажиллагаа явуулах хүсэлтэйгээ нотлох юм бол холбогдох хүмүүс бүх насаар нь хорих эсвэл бүр цаазаар авах ял авч магадгүй буюу Өмнөд Солонгосын хуулийн дагуу арга хэмжээ авах аж. Улмаар наймдугаар сарын 6-нд БНСУ-ын тэргүүн хатагтай асаныг байцаахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: Korea Times




Өнөөдөр бич өдөр

30 минутын өмнө