БНХАУ-ын ЭСЯ-наас 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн Мягмар гараг бүрийн 9:30-12:00 цагийн хооронд виз мэдүүлэх болон баримт бичгийн баталгаажуулалт хийлгэх иргэдийн баримт бичгийн бүрдүүлэлтийг урьдчилан шалгаж, бүрэн байгаа тохиолдолд виз болон баталгаажуулалт хийлгэх материалаа мэдүүлэх цаг олгох шинэ журамд шилжихээ мэдэгдлээ.
Иймд иргэд дээрх журмыг баримтлан тус улсын ЭСЯ-нд шууд хандахын зэрэгцээ виз яаралтай гаргана, виз мэдүүлгийн цаг, дарааллын дугаар зарна гэх зэрэг хууль бус үйлдлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөж байна.
БНХАУ-ын ЭСЯ 7 хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагуудын 9:30-12:00 цагийн хооронд виз мэдүүлгийн материал хүлээн авдаг.
БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй монгол оюутан сурагчдын тоо нэмэгдэхийн хэрээр БНХАУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлэхээр хандах иргэдийн ачаалал жил бүрийн 7-9 дүгээр сард огцом өсөж, урт дараалал үүсгэдэг учир шинэ журамд шилжихээр болжээ.