"Эрин зууны бахархал Эрдэнэт" уриан дор зохион байгуулагдсан Орхон аймаг, Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн баяр наадам ёслол төгөлдөр болж өндөрлөлөө.
Ойн баярыг тохиолдуулан унаган эрдэнэтчүүд болон аж ахуйн нэгжүүд баяр наадмыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, морь, бөх, сур, шагайн харвааны бай шагналыг ивээн тэтгэсэн байна. Тодруулбал, уламжлалт зургаан насны түрүү морьдын бай шагналыг "Очир" төв, Моннис групп, Орхон аймгийн уяачдын холбоод хамтран автомашинаар байлсан бол түрүү болон үзүүр бөхийн шагналыг "Баянмараат" ХХК болон Эрдэнэт хотын унаган залуусын төлөөлөл ивээн тэтгэж, түрүү бөхийг автомашин, үзүүр бөхийг орон сууцаар шагнахаар болсон юм. Харин сур, шагайн харвааны түрүү байг "Апейро Энержи" ХХК ивээн тэтгэсэн байна.
Гэтэл шагналыг гардуулахдаа ивээн тэтгэгчид бус Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, аймгийн Засаг дарга бөгөөд "Эрдэнэт хотын захирагч" Б.Зоригтбаяр, баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Б.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга бөгөөд хурдан морины салбар хорооны дарга М.Мөнхбаяр зэрэг албан тушаалтнууд шагналыг гардуулсан нь цахим орчинд шүүмжлэл дагуулж байна. Иргэд "шагналыг санхүүжүүлсэн, ивээн тэтгэсэн байгууллага, иргэдэд хүндэтгэл үзүүлж, тэдний төлөөлөл гардуулах нь зүйтэй байсан" хэмээн хэмээн байр сууриа илэрхийлжээ.