Өнөөдөр нутгийн зүүн хагаст +30 градусыг давж халж, нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +34…+39 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +30…+32 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.