Зөвшөөрөлгүй усан замын тээвэр хийсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоолоо

Зөвшөөрөлгүй усан замын тээвэр хийсэн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоолоо

Зам, тээврийн яам болон Монгол Улсын Далайн захиргаа хамтарсан ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг, Тэнгис-Шишгэдийн бэлчирт усан замын тээврийн хэрэгслийн хяналт шалгалт хийсэн аж.

Зам, тээврийн яамны Хяналтын газрын даргын 04/04 дүгээр удирдамж, Далайн захиргааны даргын А/84 дүгээр тушаалын дагуу улсын байцаагч, ахлах байцаагчдаас бүрдсэн ажлын хэсэг 2025 оны зургаадугаар сарын 16-18-ны өдрүүдэд Тэнгис-Шишгэд голын бэлчирт ажиллав. Шалгалтад нийт таван аж ахуйн нэгж, 12 усан замын тээврийн хэрэгсэл хамрагдсан бөгөөд шалгагдсан бүх аж ахуйн нэгж нь усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан нь тогтоогджээ. Мөн хоёр аж ахуйн нэгж тээврийн хэрэгслийнхээ хөдөлгүүрийн хүчин чадлыг техникийн баримт бичигт зааснаас өөрчилсөн зөрчил илэрсэн байна.

Дээрх ноцтой зөрчлүүдийг үндэслэн Улсын ахлах байцаагчийн актаар тус аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зөрчлийг арилгаж, хуулийн шаардлагыг хангах хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.