“У.Хүрэлсүх бид хоёр Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй” гэдгээ илэрхийлж Х.Баттулга “Үндсэн хуулийг тогтвортой байлгах” Х.Тэмүүжингийн саналд гарын үсэг зуржээ

“У.Хүрэлсүх бид хоёр Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй” гэдгээ илэрхийлж Х.Баттулга “Үндсэн хуулийг тогтвортой байлгах” Х.Тэмүүжингийн саналд гарын үсэг зуржээ

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд дахин нэр дэвшиж чадаагүй. Харин одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаа 6 жилийн хугацаатай 2027 оныг хүртэл үргэлжлэх ч, тэрбээр нэр дэвших боломжгүй юм.

-ҮНДСЭН ХУУЛИЙН ТОГТВОРТОЙ БАЙЛГАХ САНАЛЫГ Х.ТЭМҮҮЖИН ГАРГАЖ, АН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮДИЙН ДИЙЛЭНХ, ОЛОНХ НЬ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖЭЭ-

Гэхдээ У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлэхийн тулд Үндсэн хуулийн 30.2-д заасан “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалтаас  “Зөвхөн нэг удаа” гэснийг хасах ордны хуйвалдаан, бодит яриа эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Ганц жишээ дурдахад, 2023 оны 4 дүгээр сард иргэн С.Номынбаясгалан, мөн 2024 оны 1 дүгээр сард иргэн Э.Хишигсүрэн “Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа сонгоно” гэх заалтыг өөрчлүүлэх далд зорилго бүхий яг ижил утга санаатай гомдлыг Үндсэн хуулийн цэцэд гаргасан байдаг. Энэ талаарх мэдээллийг ЭНД дарж уншина уу.  

Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачилсан "Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулахгүй" гэсэн утга бүхий бичиг дээр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн дийлэнх, олонх нь саяхан гарын үсэг зурснаар Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын хэн нь ч Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй болох нөхцөл байдал үүссэн байна. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийг тогтвортой байлгахын тулд "2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд дахин өөрчлөлт оруулахыг хориглох санал"-ыг гаргаж өнгөрсөн долоо хоногийн Даваа гараг /2025.05.05/-ийн бүлгийн хурлын үеэр гаргаж, АН-ын бүлгийн гишүүдийнхээ сонссон байна. Улмаарт үүний гаргасан "Үндсэн хуулийг тогтвортой байлгах" саналыг Ардчилсан намын бүлгийн 42 гишүүний 36 нь дэмжиж тэр дороо гарын үсгээ зуржээ.

-У.ХҮРЭЛСҮХ Ч, Х.БАТТУЛГА Ч НЭР ДЭВШИХ БОЛОМЖГҮЙ БОЛОВ-

Гарын үсгээ зураагүй үлдсэн зургааны гишүүний дунд Н.Алтанхуяг, Х.Баттулга нар байсан байна. Учир нь Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших сонирхол байгаа бөгөөд Үндсэн хуулийн 30.2 дахь заалт өөрчлөгдөхийг харзнасан байх талтай юм. Тэгвэл өчигдөр /2025.05.13/ УИХ-ын гишүүн Х.Баттулга "Үндсэн хуулийг тогтвортой байлгах" саналыг дэмжиж гарын үсгээ зурсан байна. 

Ингэснээр тэрээр, "Ерөнхийлөгчид би ч дахин дэвшихгүй, У.Хүрэлсүх ч дахин дэвшихгүй" гэсэн санааг илэрхийлж байгаа аж. 

Харин УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд "Үндсэн хуулийг тогтвортой байлгах" санал дээр нэгдсэнээр Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт, өөрчлөлтөд дахин өөрчлөлт оруулах боломжгүй болж байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний гурав нь буюу 126 гишүүний 95 гишүүн дэмжсэнээр өөрчилж болох хуультай.