СУРВАЛЖИЛГА: Газар чөлөөлөлтөөр эзэндээ хаягдаж, нохой устгалаас зугтаж амьд үлдсэн "Цагаанаа"-д шинэ эзэн хайж эхэлжээ

СУРВАЛЖИЛГА: Газар чөлөөлөлтөөр эзэндээ хаягдаж, нохой устгалаас зугтаж амьд үлдсэн "Цагаанаа"-д шинэ эзэн хайж эхэлжээ

“Сэлбэ дэд төв"-ийн  газар чөлөөлөлтөд орсон айлууд тэжээвэр амьтдаа орхиод явсан тохиолдол цөөнгүй гарч, тэднийг хороо дүүргийн алба хаагчид буудаж устгаж байна.

Тэдгээр амьтдын нэг “Цагаанаа” дуудлагатай нохой устгалаас зугтаж, аврал эрж явсаар Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нэгэн айлд ирээд долоо хонож байгаа бөгөөд "Азтай савар амьтанд хайртай залуус" ТББ-аас түүнд эзэн хайж байгаа аж. Бид нохойг хашаандаа байлгаж буй Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны иргэн Б.Бишээтэй уулзсан юм.

ВИДЕО:

Түүний хэлснээр "Цагаанаа" нохой энэ айлд дөрөвдүгээр сарын 30 /2025.04.30/-ны өдөр өөрөө гүйгээд ирсэн байна. Гэрийн эзэн ярихдаа "Энэ нохой хашааны онгорхой хэсгээр ороод ирсэн байх. Эхний өдөр нь би манай хажуу айлын нохой байх гэж бодоод өнгөрсөн. Тэгсэн маргааш нь манай хажуу айлын нохой уяатай байгааг мэдээд "Энэ юун нохой манай хашаанд ороод ирэв" гээд анзаарч эхэлсэн. Хүзүүвчтэй болохоор нь би "ойр хавийн нохой суларчихсан яваа юм байлгүй" гэж бодоод хорооныхоо групп дээр зар тавьсан. Тэгсэн чинь манай энэ хавийн нохой биш болж таарсан гэсэн юм.

Мөн тэрээр "Газар чөлөөлөлтөөр нохойгоо орхиод явсан айл олон байгаа. Тэдний л нэг бололтой. Орхиод явсан нохойнуудыг бүгдийг нь буудаж устгаж байгаа. Та нарыг ирэхийн өмнөхөн нохой устгалын гурван хүн ирээд энэ нохойг буудах гэсэн. Гэгээн цагаан өдөр хүүхдүүдийн нүдэн дээр энэ нохойг буудуулж чадахгүй гээд би аваад үлдсэн юм. Хашаандаа нохой буудуулж, буяндаа бузар хийхгүй гэж бодсон. Ер нь бол энэ нохойг өрөвдөөд байна л даа.

Хөөрхий минь нохой устгал болж байгааг мэдээд орох байх газаргүй болоод манай хашааны завсраар орж ирсэн байх. Одоо надаас салахгүй. Нохой устгалын хүмүүс ирэхэд миний хажууд зогсоод л байсан.

Эзэнтэй болгох санаатай зургийг нь дарах гэсэн чинь над руу хараад хөөрхөн хэвтээд байсан. Аядуу зөөлөн, эрх нохой шиг санагдсан. Хүүхдүүд рүү дайрч боорлохгүй юм билээ. Манайх хашаандаа нохойтой болохоор энэ нохойг хурдхан эзэнтэй болгомоор байна. Тэгэхгүй бол нохой устгалынхан ахиад ирээд буудна гэвэл хэцүү л байна гэж ярьсан юм.