СУРВАЛЖИЛГА: "Хар үнэгний аж ахуй"-д 40 орчим эзэнгүй гөлөг л байгаа бөгөөд том нохойнуудыг нь буудаж, устгажээ

СУРВАЛЖИЛГА: "Хар үнэгний аж ахуй"-д 40 орчим эзэнгүй гөлөг л байгаа бөгөөд том нохойнуудыг нь буудаж, устгажээ

Хотын дарга Х.Нямбаатарын захирамжаар эзэнгүй муур нохой устгах ажлыг зохион байгуулж буй. Уг эзэнгүй муур болон нохойг Хар үнэгний аж ахуйд байрлах амьтдыг түр асрамжлах байранд хүргэж байгаа юм. Тэгвэл бид Хар үнэгний аж ахуйг зорьж амьтад ямар нөхцөл байдалтай байгаа талаар сурвалжиллаа.

ВИДЕО:

-ЭЗЭНГҮЙ МУУР, НОХОЙНУУДЫГ БАРИХ АЖИЛД 1.3 ТЭРБУМЫГ ЗАРЦУУЛНА-

Нийслэлийн Засаг даргын “Орчны аюулгүй байдлыг хангах” арга хэмжээ зохион байгуулах тухай А/357 дугаар захирамж болон Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2025 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн "Эзэнгүй нохой, муур барих нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах” тухай А/50 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд энэхүү ажлыг зохион байгуулж байгаа аж. Түүнчлэн эзэнгүй муур, нохойны тоо толгойг бууруулахаар 2025 онд 1.3 тэрбум орчим төгрөг гаргаж нийслэлийн дөрвөн дүүрэгт тендер зарлажээ. Тухайлбал Баянзүрх дүүрэгт 450 сая төгрөг, Сонгинохайрхан дүүрэгт 642 сая төгрөг, Баянгол дүүрэгт 245 сая төгрөг, Хан-Уул дүүрэгт 143 сая төгрөгийн тендер тус тус зарласан байгаа юм.

Улмаар эзэнгүй амьтдыг аваачиж буй Хар үнэгний аж ахуйд очиж нөхцөл байдалтай танилцахад уг газарт 1-3 сартай гөлөгнүүд л байсан бөгөөд том нохойнууд харагдсангүй. Энэ талаар амьтдыг харж, хооллодог хүмүүсээс тодруулахад “Том нохойнууд ирдэггүй. Замд нь буудчихдаг юм шиг байна лээ. Бид сайн мэдэхгүй байна. Ирж байгаа нь л энэ хэдэн гөлөгнүүд байна.

Одоогийн байдлаар 40 орчим гөлөг, таван муур л байгаа. Мөн ганц хоёрхон том нохой бий” гэсэн юм.

Үүнээс харвал өнгөрсөн жилийн адилаар бага жижиг сартай гөлөгнүүдийг үлдээгээд үлдсэнийг буудан хөнөөж байгаа бололтой. Эзэнгүй муур, нохой барих ажлыг өнгөрсөн онд ч хийсэн. Гэвч амьтдыг асрамжлахад тусгайлсан төсөв гаргаагүй учраас нохойнуудыг буудан хөнөөж байгаа талаар бид мэдээлж байв. Гэтэл энэ жил ч энэ нөхцөл байдал давтагдаж байж магадгүй байна.

-ЭЗЭНГҮЙ МУУР, НОХОЙНУУД ХАР ҮНЭГНИЙ АЖ АХУЙД ЭЗНЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА-

Мөн эдгээр эзэнгүй гөлөгнүүдийг иргэд авч, хувьдаа тэжээж болох боловч өдийг хүртэл нэг ч хүн гөлөг тэжээнэ, авна гэж Хар үнэгний аж ахуйг зорьж очоогүй байна. Уг гөлөгнүүдийг өдөрт хоёр удаа хооллодог. Ингэхдээ малын гэдэс болон гоймонгоор хооллодог аж. Түүнчлэн амьтдыг асрамжлах байр нь хүйтэн учраас бага жижиг сартай гөлөгнүүдийг гадаа байлгадаг бөгөөд Нийслэлээс уг амьтдын нөхцөл байдалтай ирж танилцаж, арга хэмжээ авах нь тун ховор байдаг талаар амьтдыг харж, хооллож байдаг хүмүүс бидэнд хэлсэн юм.

Мөн эдгээр эзэнгүй гөлөгнүүдийг цаашид хэрхэх талаар ямар ч чиглэл өгөөгүй бөгөөд өнгөрсөн онд барьсан гөлөгнүүдийг ч хэрхсэн нь тодорхойгүй байна.

1.3 тэрбумын төсөвтэй эзэнгүй нохой муурын тоо толгойг бууруулах ажилд “Азтай савар” ТББ болон амьтан авран хамгаалагчид гар бие оролцох хүсэлтээ илэрхийлж, албан ёсоор хандсан ч Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хариу өгөөгүй аж. Уг нь энэ ажилд төрийн бус байгууллагынхан оролцвол амьтад илүү дээр нөхцөл байдал байхаар харагдаж байв. Хар үнэгний аж ахуйд байрлах эзэнгүй муур нохойг асрамжлах байр 500 орчим нохой багтаах хүчин чадалтай талаар ч хэлж байв. Гэвч уг газарт 500 байтугай 50 нохой ч байхгүй.

Ямартай ч эзэнгүй муур, нохойнууд Хар үнэгний аж ахуйд байгаа боловч өмнөхийн адил бага, жижиг сартайг нь үлдээгээд үлдсэнийг нь буудан хөнөөж байгаа бололтой. Түүнчлэн эдгээр эзэнгүй гөлөгнүүдийг цаашид ч хэрхэх нь тодорхойгүй, хүндхэн нөхцөл байдалтай байна.