УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний томилгоог хэлэлцлээ. Энэхүү албан тушаалд ажиллаж байсан С.Эрдэнэбат нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон учир нөхөн томилгоо хийх шаардлага үүссэн юм.
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос тус холбооны ерөнхийлөгч Б.Рагчааг УИХ-д санал болгосон. Хараат бус шинжээч нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг, ганцаарчилсан ярилцлага хийсний үр дүнд нэр дэвшигч Б.Рагчааг мэргэшлийн хувьд шалгуур хангахгүй ч мэдлэг, туршлага, ур чадвар, ёс зүйн хувьд шалгуур хангаж байгаа талаарх дүгнэлт гаргасан юм.
Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнээс чөлөөлж, түүний оронд Б.Рагчааг томилохыг дэмжлээ.