ХЗБХ: Цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ

ХЗБХ: Цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ

Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2025.04.30/-ийн хуралдаанаар таван асуудал хэлэлцлээ. 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлт /Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх/-ийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Тойрогт ногдсон мандатын тооноос илүү, эсхүл дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн, нам, эвслийн санал тэмдэглэх хэсэгт нэгээс илүү нам, эвсэлд санал тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно” гэж заасны “... дутуу ...” гэсэн нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд … чөлөөтэй … сонгох эрхийн үндсэн дээр … сонгоно” гэснийг зөрчсөн гэж үзэн дүгнэлт гаргасан юм. Цэцийн 04 дүгнэлтийг хэлэлцээд байнгын хорооны гишүүдийн олонх нь хүлээж авах боломжгүй гэж үзлээ. 

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэв. 

Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэж, УИХ-ын чуулганд танилцуулахаар боллоо. Өмгөөллийн үйл ажиллагааг аливаа нөлөөллөөс ангид, бие даан хэрэгжүүлэх эрх зүйн орчныг Өмгөөллийн тухай хуульд хангалттай бүрдүүлсэн хэдий ч эрүү, иргэн, захиргааны болон зөрчлийн хэрэг маргааныг шийдвэрлэх процессын хууль тогтоомжид тэдгээр баталгааг улам бүр баталгаажуулах, өмгөөллийн үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжийг захиргааны болон шүүх, цагдаа, авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын дүрэм, журмаар хязгаарлахгүй байхад анхаарах шаардлагатай байна гэж дүгнэсэн байна. Хүний эрхийн Үндэсний Комиссын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны 2024 оны тайланг сонсож, гишүүд асуулт асууж хариулт авлаа. Хууль тогтоолын үүрэг, чиглэл болгосон Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэв.