Н.Учрал: Үүсмэл ордуудыг ашиглуулахдаа нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, тэнцсэн компанитай гэрээ хийдэг боллоо

Н.Учрал: Үүсмэл ордуудыг ашиглуулахдаа нээлттэй сонгон шалгаруулалт явуулж, тэнцсэн компанитай гэрээ хийдэг боллоо

Засгийн газрын өнөөдрийн /2025.04.30/ хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. 

ВИДЕО: 

Тэрбээр, "Үүсмэл ордууд дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тугтоолын төслийг баталлаа. Ашигт малтмалын тухай хуулиар стратегийн орд түүний үүсмэл ордын 34-50 хувийг төр үнэ төлбөргүйгээр эзэмшинэ гэж заасан. Үүсмэл орд нь өөрөө стратегийн ордоо түшиглэсэн баялаг юм. Өнгөрсөн хугацаанд уурхайг түшиглэсэн ордуудыг бусдад ашиглуулахдаа ямар нэгэн нээлттэй сонгон шалгаруулалтгүйгээр ашиглуулдаг байсан. Тийм ч учраас өнөөдрийн Засгийн газрын тогтоолоор үүсмэл ордыг олгохдоо арын хаалгаар авдаг, ашиглах гэрээ байгуулдаг асуудлыг таслан зогсоож байна. Өөрөөр хэлбэл цаашдаа үүсмэл ордуудыг ашиглуулахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, түүнд тэнцсэн компани, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийнэ. Гэрээний үндсэн дээр үүсмэл ордыг ашиглахыг зөвшөөрнө. Мөн стратегийн ордыг түшиглэсэн үүсмэл орд байгаа тохиолдолд төрийн эзэмшлийн 34 хувийг нь тогтоох шаардлагыг Засгийн газрын тогтоолоор албажуулж байгаа. Бид өнгөрсөн өдрүүдэд "Эрдэнэт үйлдвэр"-ийг түшиглэсэн гурван үүсмэл ордын үйл ажиллагаатай очиж танилцсан.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Баялгийн сангийн хуулийн дагуу төр өөрийн эзэмшлийн 34 хувиа тогтоох асуудлын хэлэлцээрийг албажуулж дуусган Засгийн газарт танилцуулж шийдвэр гаргалаа. Шаардлагатай бол УИХ-д өргөн мэдүүлнэ. Мөн өнгөрсөн хугацаанд "Эрдэнэт үйлдвэр" өөрийнхөө овоолго буюу үүсмэл ордыг ашиглах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байсныг өнөөдрийн Засгийн газрын тогтоолоор зогсоож, төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй гэсэн зарчмыг барьж, цаашдаа хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар тухайн овоолгыг ашиглаж байгаа тохиолдолд нээлттэй сонгон шалгаруултад тэнцсэн компани нь гэрээ байгуулаад эзэмшлийнхээ 34 хувийг баялгийн сандаа хуримтлуулаад ашиглалтын төлбөр болон бусад төлбөрөө тухайн үйлдвэртээ төлөөд явах бололцоог албажууллаа" гэв.