Иргэн Сэржмядагийн Түвшинбилэг Нийслэлийн Засаг даргыг нийслэлийн иргэдийн сонгуулиар сонгодог болох өргөдлийг санаачилж, D.Urgudul системд байршуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Уг өргөдөлд дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 25-ны хооронд гарын үсэг цуглуулж дуусах юм. Тэгвэл тус өргөдлийг 5580 иргэн дэмжиж, гарын үсгээ зуржээ. Хэрвээ 100 мянган иргэн дэмжвэл УИХ холбогдох байнгын хороонд хуваарилан холбогдох хуульд өөрчлөлт оруулах нөхцөл үүснэ.
Тус өргөдөлд, “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонголтоор сонгодог болгох хуулийн шинэчлэлийн төслийг Монгол Улсын үндсэн хуулийн 58, 62-р заалтууд, Сонгуулийн тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудын заалтуудад шинэчлэн оруулах хуулийн төслийг УИХ-р батлуулах шаардлагатай. Улаанбаатар хотын даргыг сонгуулиар сонгодог болсноор ардчилал ба иргэдийн оролцоо нэмэгдэх, ил тод байдал хариуцлага сайжрах, хотын хөгжлийн бодлого тогтвортой болох төр засгаас хараат бус байх зэрэг олон давуу тал үүсэх тул хотын иргэд бид өөрсдийн амьдралд шууд нөлөөлөх энэхүү чухал албан тушаалыг өөрийн сонголтоор сонгох эрхээ олж авах шаардлагатай” гэсэн байгаа юм.