О.Цогтгэрэл: Ерөнхий сайд амаар Ж.Баярмаа гишүүнээс уучлалт гуйхгүй бол АН-ын бүлэг чуулганаар хэлэлцэх бүх асуудлаас завсарлага авна

О.Цогтгэрэл: Ерөнхий сайд амаар Ж.Баярмаа гишүүнээс уучлалт гуйхгүй бол АН-ын бүлэг чуулганаар хэлэлцэх бүх асуудлаас завсарлага авна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.

ВИДЕО: 

Мэдээллийн эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийн танилцуулга, Иргэдийн оролцооны цахим системийн танилцуулга мэдээлэл, Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэн. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өнгөрсөн баасан гаригт чуулганы хуралдаанд оролцохдоо гаргасан үйлдлийн талаар хэлэлцэж тавдугаар сарын 1-ээс өмнө Ерөнхий сайдыг амаар уучлал гуйх ёстой гэж үзлээ. Энэ хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмэн, УИХ, Ж.Баярмаа гишүүнээс уучлал гуйхгүй бол УИХ дахь АН-ын бүлэг чуулганы хуралдаанаар хэлэлцэх бүх асуудлаар завсарлага авч, хуралдаандаа суухгүй. Хэрвээ уучлалт гуйхгүй бол тавдугаар 1-нд ирц өндөртэйгөөр энэ асуудлыг хэлэлцэж цаашид чуулганы хуралд оролцох эсэхээр санал дүгнэлт гаргах эсэхийг шийднэ. Энэ бол хувь хүний асуудал биш. УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл байдаг. Гэтэл УИХ-ын гишүүнийг хэн нэгэн хүний төлөөлөл мэт УИХ-ын индэр дээрээс байр суурь илэрхийлсэн нь зарчимгүй үйлдвэл гэж АН-ын бүлгийн гишүүд үзэж байгаа.Ерөнхий сайд УИХ-аас томилогддог албан тушаалтан. Гэтэл УИХ-ынхаа дээр гарч суугаад УИХ-ын гишүүдээ доромжилж даажигнаж байгаа нь зохимжгүй.

Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: УИХ дахь Ерөнхий сайдын мэдээллийн цаг Засгийн газрын суртал ухуулга цаг болсон байна. Ерөнхий сайд юу ярих, ямар мэдээлэл өгөхөө сонгодог байдал нь УИХ Засгийн газар хоорондын Үндсэн хуулиар хуваарилсан эрх, зарчмуудыг бүдгэрүүлсэн байна. Парламент бол төрийн эрх барих дээд байгууллага. Засгийн газарт хариуцлага тооцох эрх мэдэлтэй. Ерөнхий сайд УИХ-аас томилогддог УИХ-ын өмнө ажлаа хариуцан тайлагнадаг албан тушаалтан. УИХ-ын талбарыг Засгийн газрын суртал ухуулга хийдэг талбар болгохоос гадна УИХ-ын гишүүдийг доромжилдог цаг болгосон. Энэ үйлдэлдээ уучлал гуйх ёстой.УИХ-ын чуулган дээр УИХ-аас бол Ж.Баярмаа гишүүнээс уучлалт гуйх ёстой. Өнөөдөр АН-ын бүлгийн шийдвэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хоёуланд нь хаяглагдаж байгаа. Ерөнхий сайд УИХ-аас болон Ж.Баярмаа гишүүнээс чуулганы хуралдаан дээр уучлал гуйх ёстой. Чуулган дээр уучлал гуйх ажлын УИХ-ын дарга хариуцаж хийх ёстой. УИХ-ын гишүүнтэй зохимжгүй харьцаж байгаа Ерөнхий сайдын үгийг зогсоож чадаагүй бол одоо уучлал гуйлгах ажлыг зохион байгуулах үүрэгтэй гэж үзэж байгаа. Мөн Д.Амарбаясгалан даргад хэлэхэд, УИХ нь УИХ шиг, Засгийн газар нь Засгийн газар шиг ажиллах цаг болсон. УИХ-ын танхимд УИХ-ынхаа толгой дээр гараад суучихдаг Ерөнхий сайдын суудлыг буулгах цаг болсон. УИХ нэн даруй горимоор парламент ёсыг сэргээх алхмыг хийж, хууль батлах ёстой. Чуулганы хуралдааны танхимд 126 гишүүний суудлыг хуваарилах ёстой. Ерөнхий сайдын суудлыг танхимын дээр байрлуулж болохгүй. Цаашлаад Ерөнхий сайдын мэдээллийн цагийг болиулж УИХ-ын асуулгын цаг болгох ёстой. Ингэж чадаагүйгээс болж ийм ёс зүйгүй асуудал гарч байна.