Унгар улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотай албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэхүү албан ёсны айлчлалын үеэр Монгол, Унгарын харилцаа, хамтын ажиллагааны 75 жилийн ололт, амжилтыг бататгаж, нийгэм, эдийн засгийн олон салбарт бодит, илүү их үр бүтээлтэй хамтран ажиллах, ялангуяа эдийн засгийн үр өгөөж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхээр талууд тохиролцлоо.
Мөн хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглаж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, өнгөрсөн 2024 онд байгуулсан Агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг бүрэн хангаж, хоёр улсын нийслэл хоорондын шууд нислэгтэй болох, ингэснээр иргэд хоорондын солилцоо, худалдааны харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэгтэй санал нэгдлээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан тэргүүлэх зорилтууд, Монгол Улсын төр засгаас санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж”, “Тэрбум мод”, “Цагаан алт”, “Цэнхэр алт” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж, тэдгээрийг үр дүнд хүргэхэд Унгар улстай хамтран ажиллах өргөн боломж байгаа талаар ярилцлаа.
Дэлхий дахинаа тулгараад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрсний доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг сорилтуудыг даван туулж, шийдвэрлэх, түүнд хувь нэмрээ оруулах зорилтын хүрээнд 2026 онд тохиох “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болон ирэх жил Улаанбаатар хотноо зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх асуудлаарх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зорилтын хүрээнд нягт хамтран ажиллах талаар мөн ярилцлаа.
Монгол оюутан залуусыг шилдэг их сургуулиуддаа боловсрол эзэмших боломжийг олгож, Унгар улсын Засгийн газраас тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж байгаад талархаж илэрхийлж, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхийн төлөө байгаагаа нотоллоо.
Монгол, Унгарын соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, эрдэм шинжилгээ, археологийн хамтарсан судалгаа хийж, соёл урлагаа хамтран сурталчилж, хойч үедээ өвлүүлж байгаа нь хоёр ард түмнийг улам бүр ойртуулах онцгой чухал үүрэгтэй гэдэгтэй талууд мөн санал нэгдлээ.
Хоёр улсын Гадаад харилцааны сайд нар хоёр талын НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг бэхжүүлэхээ нотолж, олон улсын харилцааны зарим асуудлаар байр сууриа танилцуулж, санал солилцлоо.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто нар албан ёсны хэлэлцээний дүнгээр хэвлэлд мэдээлэл өгөв.