Тэргүүн их хамба Д.Жавзандоржийн мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна

Тэргүүн их хамба Д.Жавзандоржийн мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна

Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, 30 дугаар хамба номун хан Д.Жавзандоржийн мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна.

Дуламрагчаагийн Жавзандорж 1980 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод дөрвөн хүүхэдтэй айлын ганц хүү болж мэндэлжээ. Тэрбээр Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв, 200 гаруй жилийн түүхтэй Эрдэнэмандал хийд 1991 онд дахин сэргэхэд долоон хүүхэд шавилан суусны нэг нь болж 11 наснаасаа бурхны номд суралцаж эхэлсэн юм. Улмаар 1993 онд Улаанбаатар хотод ирж Гандантэгчэнлин хийдийн Дашчоймпил дацанд Дашжамц нарын эрдэмтэй лам нарт шавь орж Буддын гүн ухаан буюу чойрын номд суралцаж байгаад 1998 оноос Энэтхэгийн Бэрээвэн хийдийн Гоман дацанд суралцах болсон билээ.

Үүнээс 10 жилийн дараа буюу 2008 онд лхаарамба  цол хамгаалснаар Ардын хувьсгалаас хойш Буддын гүн ухааны энэ дээд цолыг хүртсэн анхны монгол хүн болсон түүхтэй. Д.Жавзандорж 2019 онд эх орондоо бүрмөсөн ирж Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Шашны дээд сургуульд багшилж байв. Улмаар 2023 онд хамба Д.Чойжамцын нэр дэвшүүлснээр Гандантэгчэнлин хийдийн Захиргааны өргөтгөсөн хурлын нийт гишүүдийн олонхын буюу 85.7 хувийн дэмжлэгийг авч Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамбаар томилогдсон юм.