Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулж гишүүдийн олонх нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжих нь зүйтэй гэж үзлээ.

Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Уг хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор УИХ-ын хэлэлцэх эсэхийг өргөн хүрээнд хэлэлцлээ. Үзэл баримтлал болон хуулийн хүрээнд олон асуудлыг засаж сайжруулах байр сууриа илэрхийлсэн. Өчигдөр хэвлэл мэдээллийн төлөөллүүд, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зэрэг ТББ-уудаас мэдэгдэл гаргасан. Хэлэлцүүлгийг өргөн хүрээнд явуулахыг шаардсан. Өнөөдөр УИХ-ын дарга миний бие болон Хүний эрхийн дэд хорооны дарга С.Эрдэнэболд, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу нарын хамтаар 30 орчим сэтгүүлчидтэй уулзалт хийсэн. Уулзалтаар УИХ-ын түвшинд уг хуулийн хэлэлцэх эсэх асуудлыг дэмжээд явъя гэдэг дүгнэлтэд хүрсэн. Дэмжсэний үндсэн дээр УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдана. Үүний дараа өргөн хүрээнд хэлэлцүүлгийг зохион байгуулахаар нэгдсэн. Тухайн хэлэлцүүлгээр нэгдсэн ойлголтод хүрвэл анхны хэлэлцүүлгээр цааш явна. Харин нэгдсэн ойлголтод хүрэхгүй бол энэ хуулийн хэлэлцүүлэг зогсох юм” гэлээ.