УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Боловсролын сайд П.Наранбаярын биед халдаж, гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны /2025-03-27/-ны өдөр Төрийн ордонд гарч, энэ талаарх мэдээлэл олны анхаарлыг татсан.
Тухайн үед Боловсролын сайд П.Наранбаяр "Би Цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй. Харин эмнэлэгт очиж хоёр ширхэг жижигхэн юм (оёдол) тавиулсан. Миний биед халдсан асуудлууд гарч байна. Гэхдээ тэрэнд бодсон зүйл алга. Санамсаргүй юм болсон. Гэхдээ харилцан зодоон болоогүй" гэдгийг тодотгосон байдаг.
Харин УИХ-ын гишүүн Б.Найдалаа "П.Наранбаяр сайд бид хоёрын хооронд үүссэн асуудлаар ардын аман зохиол шиг ташаа мэдээлэл гадуур явсан байна. Зодоон цохион болсон асуудал огт байхгүй. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт манай намын зөвлөгөөн болсон. Жижиг сажиг маргаан энэ үеэр болсон. Гэхдээ зодоон зохион болсон зүйл болоогүй. Би цохиогүй. Хүний нүд рүү санамсаргүй хуруугаа хийдэг шүү дээ. Тийм л зүйл болсон. УИХ-ын гишүүний ёс зүй болон гэмт хэргийн шинжтэй зүйл огт болоогүй" гэх тайлбарыг өгсөн.
Харин уг асуудлыг цагдаагийн байгууллагаас бүртгэлд оруулан, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байсан бөгөөд Боловсролын сайд П.Наранбаяр гэмтлийн зэрэг тогтоолгох шүүх эмнэлэгт үзүүлэхээс татгалзсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж, улмаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, хаах саналтайгаар прокурорт шилжүүлсэн гэх мэдээлэл байна. Одоогоор уг саналыг прокурор хянаж байгаа аж.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар хэдийгээр цагдаагийн байгууллагаас уг асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан ч прокурор уг саналыг хүлээн авахаас татгалзаж, дахин шалгуулж магадгүй нөхцөл байдалтай байгаа юм байна. Учир нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасанчлан Боловсролын сайд П.Наранбаярын нүдний орчимд үүссэн хөхрөл, оёдол тавиулсан байдал зэргийг харгалзан гэмтлийн зэргийг тогтоож, УИХ-ын гишүүн Б.Найдалаад хэрэг үүсгэх эрх зүйн үндэслэлтэй аж. Тиймээс ч прокуророос хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж магадгүй гэдгийг эх сурвалж хэлж буй юм.
Ташрамд өгүүлэхэд, Төрийн ордонд төрийн өндөр албан тушаалтнууд нэгнийхээ биед халдаж байсан тохиолдол өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан хэдий ч тухайн хүмүүсийн биеэс П.Наранбаяр сайдынх шиг цус гарч, оёдол тавиулж байсан тохиолдол гарч байгаагүй байна.