УИХ-ын гишүүн Б.Бейсен өнөөдөр /2025.04.24/ гурилын импортын тарифын хөнгөлөлтийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар гурилын импортын татварыг тэглэсэн байсныг цуцлах асуудлыг хэлэлцэж байна. Өнгөрсөн жил зудын байдалтай холбоотойгоор баруун аймгуудад гурил болон тэжээлийн үнэ нэлээд өссөн. Үүнтэй холбоотойгоор импортын татварыг нь тэглэсэн. Энэ асуудлыг өнөөдөр улсын хэмжээнд Атрын IV аяныг хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор энэ асуудлыг дахин авч хэлэлцэж байна. Миний бие байнгын хорооны даргын хувьд дэмжиж байгаа ч санал нийлэхгүй хэд хэдэн асуудал байна.
Миний хувьд Дархан-Уул аймгийн тариаланчид, ард иргэдтэй хэд хэдэн удаа уулзаад ирлээ. Цар тахлын үед тариалан эрхлэгчдэд хөнгөлөлт үзүүлж, татвар болон эрчим хүчний татвар хураамжаас чөлөөлсөн хэдий ч гурилны үнэ нэмэгдсэн.
Өнгөрсөн жил 101 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг зургаахан гурилын үйлдвэр авсан байдаг. Тийм учраас энэ асуудлыг анхааралдаа авч үзэх ёстой. Бүсчилж тариалалт хийх асуудалд анхаармаар байна. Увс аймгийн гурилын үйлдвэрийг дэмжих хэрэгтэй.
Одоо гурилын үнэ нэмэгдвэл баруун бүсэд гурилын үнэ дахин нэмэгдэх магадлалтай байна. Тиймээс гурилын үнийг бүрэн хаах бус квот тогтоох эсвэл үнийг нь барих хэрэгтэй. Нэг тонн үрийн буудай 1600-1800 төгрөгийн хооронд байгаа бол бодит байдал дээр гурилын үнэ нэмэгдэх магадлалтай байна. Засгийн газрын бодлогоо дэмжинэ гэхдээ ялгавартай хандахгүйгээр зээлийг жигд олгох нь зүйтэй. Цаашдаа энэ чиглэлийн үйлдвэрийг тогтвортой ажиллуулах, үнэ нэмэхгүй байх тал дээр анхаараасай. Гэхдээ баруун бүсийг онцгой анхаарахгүй бол дахин үнэтэй гурил очвол иргэдийн амьдрал хүндрэх эрсдэлтэй" гэв.