Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан "Монгол Нүүдэлчин" өвлийн фестивальд хагас тэрбум орчим төгрөг зарцуулжээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулсан "Монгол Нүүдэлчин" өвлийн фестивальд хагас тэрбум орчим төгрөг зарцуулжээ

Сүүлийн үед төрийн байгууллагууд "Соёлын биет бус өвийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх" гэх агуулгаар янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж, үүндээ нэлээдгүй хөрөнгө зарцуулах болсон. Харин эл ажлын үр дүнг үнэлж, дүгнэдэг эсэх нь тодорхойгүй байсаар энэ хүрсэн.  

Хамгийн сүүлд гэхэд "Нүүдэлчдийн өвөрмөц ахуй биет бус соёлын өвийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх" зорилготой гэх "Хөх дөл" төсөлд 200 гаруй сая төгрөг зарцуулсан нь олны шүүмжлэлийг дагуулаад буй. 

Тэгвэл соёлын биет бус өвийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, үндэсний өвөрмөц брэнд бүхий өвлийн эвент бий болгох, улмаар гадаадын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой гэгдэж байсан "Монгол Нүүдэлчин" өвлийн фестивалийг зохион байгуулахад хагас тэрбум орчим төгрөг зарцуулсан баримт байна.

Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас "Монгол Нүүдэлчин" арга хэмжээний зардалд 477.1 сая төгрөг төсөвлөж, уг хөрөнгийг Нийслэлийн Соёл урлагийн газар руу шилжүүлжээ. Улмаар тухайн газраас төсвийг зарцуулж, дээрх арга хэмжээг зохион байгуулсан байна. Ингэхдээ мөсөн талбайн ажилд 15.4 сая, био 00 түрээсийн зардалд 63 сая, зохион байгуулагчдын хоолны зардалд 22.2 сая, цэвэрлэгээ болон хог тээвэрлэлтийн зардалд 43.5 сая, урлагийн тоглолтын зардал 27.8 сая, гэр барих, зөөвөрлөх, түрээсийн зардал 8 сая гэх мэтээр зарцуулжээ. 

"Монгол Нүүдэлчин" өвлийн фестиваль нь өнгөрсөн өвөл буюу 2025 оны хоёрдугаар сарын 16-22-ны өдөр Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон юм. Уг арга хэмжээний хүрээнд мөсөн сийлбэрийн үзэсгэлэн, мөсөн сурын харваа, мөсөн шагайн харваа, морин болон нохой чарга, морин аялал уналга зэрэг уламжлалт спортын уралдаан, тэмцээнүүд зохион байгуулагдсан. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн, Монголын уламжлалт идээ ундааны амталгаат худалдаа зэрэг арга хэмжээ болсон байдаг. Тухайн үед "Монгол Нүүдэлчин" өвлийн фестивалийг “Хөх сувд-2025” олон улсын мөсний баяртай давхцуулан зохион байгуулсан нь жуулчид татна гэхээс илүүтэй мөсний баярын ач холбогдлыг хуваасан арга хэмжээ боллоо гэх шүүмжлэлийг дагуулж байсан юм.