Төв аймгийн Жаргалант суманд байшин шатаж, нэг айлын гурван охин амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан юм. Хэргийг тодруулбал, дөрөвдүгээр сарын 21-ний даваа гарагт 03:20 минут орчимд Жаргалант сумын Өгөөмөр багийн … дугаар тоот хашаанд байшин шатаж, 2-5 насны гурван охин өртөж нас баржээ. Эл харамсалтай хэрэг гарах болсон шалтгааныг ар гэрийхэн нь бүх нийтийн цэвэрлэгээ хийхээр явахдаа гурван хүүхдээ гэрт нь цоожлоод явснаас болсон гэх мэдээлэл цацагдсан. Иймд бид эл хэргийн талаар сурвалжлахаар Төв аймгийн Жаргалант сумыг зорилоо.
ВИДЕО:
-НИЙТИЙН ЦЭВЭРЛЭГЭЭНД БАГШ НАРЫГ НЬ ГАРГАЖ, ЦЭЦЭРЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООСОН БАЙЖЭЭ-
Биднийг Төв аймгийн Жаргалант суманд хэргийн газарт очиход шатсан байшингийн нурам ч бүрэн унтраагүй байв. Улмаар шатсан байшингийн үлдэгдлийг том ачааны машинаар ачиж байлаа. Ойр орчмын олон хүмүүсээс асууж тодруулахад, хүүхдүүдийн аав нь сумынхаа Онцгой байдлын газарт ажилладаг байсан бөгөөд ээж нь дэлгүүрт суудаг байж.
Гал гарсан өдөр буюу дөрөвдүгээр сарын 21-ний даваа гарагт Жаргалант сумын Засаг даргын захирамжийн дагуу бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулсан. Энэ цэвэрлэгээнд төрийн албан хаагчдаас гадна ЕБС-ийн 6-12 дугаар ангийн сурагчид хамрагджээ. Ийнхүү дунд ангийнхан өглөө нь хичээллэж тараад өдөр нь бүх нийтийн цэвэрлэгээнд гарсан байна. Мөн үдээс хойшхи цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, нийтийн цэвэрлэгээнд багш нар нь гарчээ. Энэ үеэр цэцэрлэгтээ сууж байх ёстой гурван охин буюу 2, 4, 5 настай гурван охин гэртээ галд өртөж амиа алдсан байна.
Улмаар гал гарч байгааг хамгийн эхэнд харж, тусламж дуудсан Жаргалант сумын иргэдээс энэ талаар тодруулахад, “Өчигдөр сумаар ажилтай явж байгаад 3 цагийн үед гэртээ ирэхэд урд талын айлын байшингийн цонхноос утаа гарч байсан. Айл шатлаа гэж орилоод хажуу айлын залууг дуудаад хоёул ороод байшинг тойрч, хэдэн сав ус цацаж байтал урдаас хамаатных нь хүн гүйж ирээд дотор нь хүүхэд байгаа гэж байна гэсэн мэдээг дуулгасан. Тэгээд л айж сандраад цойжийг нь эвдэх гэхэд ямар ч боломж байгаагүй учраас модон хаалгыг нь цөм өшиглөөд ороход юу ч харагдахгүй, байсан.
“Хүн байна уу” гэхэд ямар ч дуу чимээ гараагүй. Гал тургиад байсан учраас цааш орж чадаагүй гарсан. Тэгээд том машин ирээд шороо, ус цацаж энэ хавийн иргэд галыг унтраасан юм.
Уг нь галын машин байсан бол ядаж арай хурдан галыг унтрааж, хүүхдүүдийг аврах байсан байх даа. Суманд нэг галын машин байгаа л гэсэн. Гэхдээ ажилладаггүй юм. Гал нь бараг унтраад дуусаж байхад Баруун хараагийн гал команд ирсэн. Том охин нь лав нийтийн цэвэрлэгээнд явчихсан байсан. Нийтийн цэвэрлэгээ гээд цэцэрлэгээ дутуу ажиллуулаад амраачихсан байсан юм шиг байна лээ. 2-5 насны хүүхдүүдтэй. Бүгд цэцэрлэгийн хүүхдүүд байсан. Тэгээд хүүхдүүдээ цэцэрлэгээс авч ирээд л цоожилчхоод явсан юм шиг байгаа юм. Сайн мэдэхгүй байна. Уг нь манай суманд нийтийн цэвэрлэгээ гэж болдог. Гэтэл өчигдөр ажлын эхний өдөр, салхи шуурга ихтэй байхад яагаад нийтийн цэвэрлэгээ хийлгэснийг гайхаад байгаа” гэсэн юм.
-ЖАРГАЛАНТ СУМЫН ЗАСАГ ДАРГА: ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДЭЭ УНТУУЛААД, ТУСЛАХ БАГШ НАР НЬ ХАРААД ҮЛДЭХ ТАЛААР ЯРИЛЦСАН БАЙСАН-
Иргэдийн ярианаас харахад нийтийн цэвэрлэгээнээс үүдэж цэцэрлэг нь амарсан байсны улмаас гэртээ үлдсэн бага насны гурван охин галд өртсөн харамсалтай хэрэг гарсан байж болзошгүй байгаа юм. Иймд бид нийтийн цэвэрлэгээ хийлгэх захирамж гаргасан тус сумын Засаг даргаас энэ талаар тодрууллаа. Жаргаланть сумын Засаг дарга Б.Гомбодорж, “Гурвын гурван хүүхэд амиа алдчихаад байхад тоохгүй ч юмуу, биеэ өмөөрөөд явж байх хүн гэж байхгүй байх. Миний хувьд харамсахын дээдээр харамсаж байна.
Үнэхээр л хог цэвэрлээд ийм зүйл болчихов уу даа гээд өөрийгөө буруутгаж байгаа зүйл бий. Сум нийтээрээ хог цэвэрлэгээ хийсэн нь үнэн. Уг нь жил болгон л нийтийн цэвэрлэгээг хийдэг.
Гэхдээ нэг ч сургууль цэцэрлэгийг бүтэн өдөр амраагаад хог цэвэрлүүлнэ гэдэг захирамж биш. Цэцэрлэгийн багш нартайгаа ярилцаад хүүхдүүдээ унтуулсны дараа туслах багш нар нь үлдээд үндсэн багш нар нь цэвэрлэгээнд гарах талаар л тохирсон байсан. Гэхдээ одоо миний буруу биш гээд байх зүйл алга. Би хогонд гар гэдэг захирамж гаргачихсан. Тэнд цэцэрлэгийн эрхлэгч нар цэцэрлэгээ амраачихсан байна. Гэхдээ тэр хүний буруу биш шүү дээ. Төрийн албан хаагчид л цэвэрлэгээнд гардаг. Мөн ямар шалтгаанаар сумдуудад гал унтраах, аврах анги байдаггүй талаар мэдэхгүй юм. Хохирогч нарын ар гэрийнхэнд байгууллагаас нэг гэр өгч байгаа юм. Тэр газрыг нь шийдэж өгчхөөд ирээд л байж байна” гэсэн тайлбарыг өгсөн юм.
Ийнхүү Засаг даргынх нь ярианаас ч дээрх цэцэрлэгээ амраасан асуудал батлагдаж байгаа юм. Уг нь Боловсролын яамны тушаалгүйгээр нэг ч сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг тасалдуулж болохгүй талаар Боловсролын сайд П.Наранбаяр хэлж байсан удаатай. Гэтэл нийтийн цэвэрлэгээ хийлгэнэ гэх социализмын үеийн шийдвэрийг тус сумын Засаг дарга гаргасан бөгөөд энэ үеэрээ үдээс хойшхи цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоожээ. Улмаар цэцэрлэгтээ сууж байх ёстой гурван бага насны охин гэртээ харамсалтайгаар галд өртөн амиа алдсан байна. Энэ мэт удирдах түвшний буруу шийдвэрээс болж нэг айлын амьдрал харласан гашуун үйл явдал ахиж бүү давтагдаасай гэсэн үүднээс бид энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэлээ.