УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-аас 2024 оны тавдугаар сарын 2-нд баталсан УИХ-ын хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 38 дугаар тогтоолын хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлуудын талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсов.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өнгөрсөн оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Тус хууль, УИХ-ын 2024 оны 30, 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд ЭМЯ-наас дараах үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторид тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийх, хүний нөөцийг чадавхжуулах ажлыг хийж эхэлсэн. Энэ хүрээнд ДЭМБ-д албан хүсэлт тавьснаар эм шинжлэх лабораторийг 2024 оны долдугаар сараас ХӨСҮТ-ийн Биоаюулгүй байдлын III зэрэглэлийн лабораторийн шинэ байранд 1000 гаруй кв.м талбайд лабораторийн модулийг анх удаа олон улсын стандартад нийцүүлэн шинээр угсарч, байгуулах ажлыг эхлүүлжээ.
Эмийн үнийг бууруулах, чанартай эмээр хангах зорилтын хүрээнд ДЭМБ-ын жагсаалтад орсон, эмийн хатуу зохицуулалт бүхий улс орны эм үйлдвэрлэгчидтэй үнийн хэлцэл хийж, дундын зуучлагчгүйгээр чанартай, хямд эмийг шууд нийлүүлэх ажлыг өнгөрсөн оны есдүгээр сараас эхлүүлсэн байна. Эмийн импортын хүрээнд Швейцар, Солонгос, Япон зэрэг орны үйлдвэрлэгчидтэй хэлцэл хийж байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн оны 12 дугаар сараас Солонгосын 5 үйлдвэрлэгчийн 23 төрлийн эмийг импортолж эхэлжээ. Эдгээрээс 18 нэр төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 50-70 хувийн хөнгөлөлттэй олгож буй. Эдгээр эм нь зах зээлийн бусад ижил төрлийн эмийн үнээс даруй 30-90 хүртэл хямд. Үүнээс гадна хорт хавдрын эмчилгээний 5 нэрийн эмийг Солонгос Улсын үйлдвэрлэгчээс худалдан авч, ХСҮТ-ийн эмчилгээнд хэрэглэж байгаа нь хорт хавдрын эмчилгээний чанарыг сайжруулахад чухал алхам болж байгааг онцоллоо.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасны дагуу эмийн зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод байлгах зорилгоор Эмийн зөвлөл, Эмнэлгийн хэрэгслийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг нээлттэй, ил тод сонгон шалгаруулж, тус тус 15 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар энэ оны хоёрдугаар сард баталсан байна.