О.Цогтгэрэл: Гавьяаг нь эрх баригчид аваад гайг нь Ардчилсан намд наах бодлогыг хэрэгжүүлээд байгаа юм биш дээ

О.Цогтгэрэл: Гавьяаг нь эрх баригчид аваад гайг нь Ардчилсан намд наах бодлогыг хэрэгжүүлээд байгаа юм биш дээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2025.04.21/ хуралдаанаараа "Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр" –ийг хэлэлцэж, дэмжээгүй шийдвэрийг гаргасан байна. Мөн эдгээрээс гадна дөрвөн асуудлыг хэлэлцжээ. 

ВИДЕО: 

Тодруулбал,  Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүд, “Монгол улсын хэмжээнд ноос, ноолуурын салбарын эргэлт түүний борлуулалт, худалдан авалт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ”-ний талаарх мэдээлэл, Цахилгаан дугуй /суррон/, скүүтерийн хэрэглээг зохицуулахтай холбоотой Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, жилийн төсвийн төслийг боловсруулах болон Төсвийн гүйцэтгэлийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх журмын талаар санал, дүгнэлт гаргаж, төсвийн хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах чиглэлээр хуулийн төсөл боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээлэл зэргийг сонсжээ. 

Энэ талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл “ Тухайлбал, нефть нийлүүлэх гэж байгаа компани Чингис хаан ОУ-ын нисэх буудлыг бүхэлд нь ашиглах гэж байгаа агуулга байна. Хэрвээ энэ агуулгыг буруу, зөрүү ойлгосон гэж маргаан үүсвэл  ОХУ-ын арбитраар шийднэ. Гэтэл энэ мэт ойлгомжгүй заалтууд байхад УИХ-аар зөвшөөрч болохгүй. Бид одоо зөв бодлого баримталж чадвал ОХУ, БНХАУ, дотоодын үйлдвэрүүдээс авах гээд гурван эх үүсвэртэй болох боломж байна. Гэтэл ганцхан ОХУ-аас 20 жил нефть авч хоёр гарцыг нь хааж байгаа нь үндэсний аюулгүй байдлын зөв бодлого,зөв сонголт нь биш.

Илүү чанартай онгоцны түлшийг авах боломж бидэнд байхад боломжийг одоог хүртэл ашиглахгүй байна. Шилжүүлэн ачих байгууламжийг барьдаггүй, БНХАУ-аас нарийн царигийн төмөр замаар зөвхөн нефть гэлтгүй онгоцны түлш хүртэл авах боломж байхад 2019 оны хэлэлцээрээр зогсоосон байна. Аливаа асуудлаар гавьяа гарвал эрх баригчид авна. Гайтвал Ардчилсан намд наана гэсэн бодлого яваад байгаа юм биш. Энэ асуудлаар яагаад Гадаад харилцааны сайд, Эрчим хүчний сайд байр сууриа илэрхийлдэггүй юм. Нүүрсээр бартер хийж сургууль, цэцэрлэг барина гэнэ. Монгол хүмүүс ажил хийх ёстой. Монгол хүмүүсийн ажлын байр яах юм. Аль олон жилийн өмнө хэрэглээд хуучирсан бартерын арилжааг баялгийн наймаа нэрээр бид нар хэрэгжүүлэх гэж байна. Энэ бол зарчимгүй, увайгүй үйлдэл ” гэсэн юм.

-Б.ЖАРГАЛАН: Ж.ЭНХБАЯР САЙДЫГ БҮЛГИЙН ХУРАЛД ГУРВАН УДАА ДУУДСАН Ч ИРСЭНГҮЙ. МАЛЧДЫН АМЬЖИРГААГ ДООШЛУУЛСАНДАА ЭНЭ ХҮН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ-

Харин УИХ-ын гишүүн Б.Жаргалан “Хоёрхон хөрштэй Монгол Улсыг гуравдагч хөрштэй холбох агаарын тээврийн салбарыг гадны хөрөнгө оруулалттай компанид өгөх, давуу байдал бий болгохыг Ардчилсан намын бүлэг дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлсэнд баяртай байна. Учир нь бид ээдрээтэй нөхцөл байдалд ажиллаж байгаа. Уул, уурхайн бүтээгдэхүүний биржийн тухайн хуулийг мөн оруулж ирсэн. Энэ хуулийг нүүрсний хулгайг зогсоохын тулд баталсан гэж ойлгож байгаа. Гэтэл өнөө хэр Тавантолгой ХК-ийн нийт борлуулалтын ердөө 20 орчим хувь нь биржээр арилжагдаж байна. Бусад нь шууд худалдааны гэрээгээр борлуулагдаж байна. Биржээр явж байж ил тод, нээлттэй байна. Гэтэл Засгийн газраас биржийн арилжааг хумих цаашлаад оффтейк гэрээний 2 дугаар хувилбар буюу бараа солилцох хуулийн төслийг оруулж ирж буй нь зарчимгүй үйлдэл юм. Цаашид бид уул уурхайн салбарыг илүү нээлттэй болгож байж уул уурхайн орлогыг иргэдийн гарт хүргэнэ. Мөн өнөөдрийн бүлгийн хуралдаанаар ноолуурын үнийн асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн жил зудтай байж малчид хүнд нөхцөл байдалд орсон. Зудны дараах хямралаас гарах гэтэл Засгийн газраас ойлгомжгүй бодлого хэрэгжүүлснээс болж малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй энэ салбарын хөгжлийг ойлгомжгүй байдалд орууллаа. Ноолуурыг худалдаж авахгүй, авсан ч хямдхан авч байгаа гэх гомдлыг малчдаас ирүүлж байна. Өнөөдөр арилжааны банкиудад малчид их наядын зээлтэй байна. Ж.Энхбаяр сайд тодорхой хэмжээнд хариуцлага хүлээх ёстой. Бид бүлгийн хуралдаа гурван удаа дуудсан ч тэрбээр ирээгүй. Өнөөдөр “Найман шарга” захад 1 доллар 3600 төгрөгтэй тэнцэж байна. Засгийн газар ухаалаг бодлого гаргаж ажиллах ёстой байтал ойлгомжгүй байгаад үнэхээр гайхаж байна. Цаашид бид төсвөө тодотгох шаардлагатай юу, олон мега төслийг эрэмбэлэх шаардлагатай гэж үзэж байна” гэлээ.