Х.Ганхуяг: ЕЭЗХ-той худалдааны гэрээ байгуулбал манай улсын экспортын хэмжээ ихдээ 10 хувиар л өснө

Х.Ганхуяг: ЕЭЗХ-той худалдааны гэрээ байгуулбал манай улсын экспортын хэмжээ ихдээ 10 хувиар л өснө

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, "Энэ хэлэлцээрт бид бэлэн эсэхэд би эргэлзэж байна. Киргизстан улс энэ холбоонд элссэн. Гэтэл гадаад худалдааных нь 60 хувь ганзгаар явдаг. Татвар хураах боломжгүй. Томоохон бизнесүүд нь бүгд орос эзэнтэй. Манай аж ахуйн нэгжүүдэд тийм хэмжээний мөнгөтэй өрсөлдөх ямар ч боломж байхгүй. Тиймээс бид гэрээний үр нөлөөг судлаад хойшлуулах нь зөв. Өөр гарц байхгүй. Оросоос импортолж байгаа хэмжээ 2-3 дахин нэмэгдэнэ. Манай экспортын хэмжээ үсрээд 10 хувиар л өснө. Мах экспортолно гээд байх юм. Гэвч одоо хятад руу махаа экспортолж чадахгүй байна. Казахстан, Киргизстан улсууд яаж энэ хэлэлцээрээс гарах уу гэж байна. Тиймээс үүнд болгоомжтой хандсан нь зөв байх" гэв.

Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, "Ийм болгоомжлолыг олон хүн хэлж байгаа. Яагаад бид хойд талтай түр хэлэлцээр хийх санал гаргасан бэ гэхээр худалдааны 90 гаруй хувийг урд талтай хийж байна. Тэнцвэрээ хангая гэж байгаа юм. Бид эхэлж санал тавьсан. ЕЭЗХ бидний саналыг хүлээж авалгүй их удсан. Ө.Энхтүвшин сайдын хэлж байгаагаар их олон орны ард байсныг хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалтаар яриа хэлэлцээр эхлүүлэх шийдэлд хүрсэн юм билээ. Ер нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ босгоё гэвэл энэ хэлэлцээр маш ашигтай. Бид ЕЭЗХ-д элсэхгүй. Ажиглагч орноор ч элсэхгүй" гэлээ. 

ВИДЕО: