Монгол Улсын Их сургууль, Монголын Үндэсний их сургууль хоорондын нэрийн маргааныг энэ оны хоёрдугаар сарын 03-ны /2025.02.03/ өдөр Улсын Дээд шүүх эцэслэж, МУИС-ийн нэрийг хэвээр үлдээж, МҮИС-ийг хууль зөрчсөн гэж үзсэн байдаг.
Тэгвэл Монголын Үндэсний их сургуулиас дахин Улсын дээд шүүхэд ханджээ.
Тодруулбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсайхан, "Монголын үндэсний их сургуулийн оюутны холбоо" ГҮТББ-ын төлөөлөгч Б.Нямдаваа, "Монголын үндэсний их сургуулийн төгсөгчдийн холбоо" ГҮТББ-ын төлөөлөгч В.Дэлгэрмаа нараас "Монголын үндэсний их сургууль” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчид холбогдох, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны долдугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0564 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны аравдугаар сарын 02-ны өдрийн 221/МА2024/0639 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2025/0013 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар Улсын Дээд шүүхэд хүсэлт гаргасан байна.
Ингэхдээ тэд "Шүүх дээрх шийдвэрүүдийг гаргахдаа МҮИС-ийн төгсөгчдийн эрх ашиг зөрчсөн атал гуравдагч этгээдээр татаагүй нь тэдний эрх ашгийг ноцтой зөрчиж байна" хэмээгээд шинээр илэрсэн нөхцөл байдлыг улмаас Улсын Дээд шүүхийн 2025 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн тогтоолыг хянаж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгөх"-ийг хүссэн байна.
Уг хүсэлтийг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 14-ний /2025.04.14/ өдөр хэлэлцэхээр товложээ.
Хэргийн талаар эргэн сануулахад, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6572 дугаар дүгнэлтээр “... их сургуулийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгогдоогүй байхад “Монголын үндэсний их сургууль” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгэсэн нь илт хууль бус” гэх агуулгаар “Монголын үндэсний их сургууль” ХХК-ийг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Харин Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхээс “... хуулийн этгээд нь нэгдэх, нийлэх зэргээр өөрчлөн байгуулагдах, ашгийн төлөө хуулиар хориглоогүй аливаа үйл ажиллагааг эрхлэн явуулах бүрэн эрхтэй, уг эрхийнхээ хүрээнд өөрчлөн байгуулагдахаар хуульд заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлж хандсан” гэж дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, гуравдагч этгээд МУИС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон хариуцагч Ш.Уртнасан хяналтын журмаар гомдол гаргасан байна. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Уртнасан нь хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан байна.
Харин хяналтын шатны шүүхээс дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж байжээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар анх 1998 онд анх “Чандмань-Эрдэнэ” нэртэй үүсгэн байгуулагдсан коллеж нь 2002 онд “Монголын үндэсний коллеж” нэртэй болсон, 2004 онд тус коллеж нь “дээд сургууль”-ийн ангилалд орсон тул “Монголын үндэсний дээд сургууль” гэж нэрээ өөрчилсөн, 2012 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар “Монголын үндэсний дээд сургууль”-ийг “их сургуулийн ангилал”-д хамааруулахаар шийдвэрлэж, 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр тусгай зөвшөөрөл олгосон байна.
Гэтэл улсын бүртгэлийн байгууллага 2013.12.26-ны өдөр эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл олгогдоогүй байхад тусгай зөвшөөрөлтэй явуулах үйл ажиллагааны чиглэлээр “Монголын үндэсний их сургууль” ХХК-ийг “шинээр үүсгэн байгуулсан”-ыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн нь илт хууль бус, энэ үндэслэлээр гарсан маргаан бүхий акт хуульд нийцсэн, дээрх илт хууль бус шийдвэрийн улмаас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзлээ.
Тодруулбал, их сургуулийн үйл ажиллагаа явуулах сургалтын тусгай зөвшөөрөлтэй “Монголын үндэсний дээд сургууль” нь нэрээ өөрчлөөгүй, өөрчлөн байгуулагдаагүй байхад 2013 онд “Монголын үндэсний их сургууль” ХХК-ийг “их сургуулийн үйл ажиллагаа явуулах сургалтын тусгай зөвшөөрөлтэй” гэж шинээр бүртгэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон боловсролын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн талаарх хууль тогтоомжид заасан үндэслэл байгаагүй, тийм захиргааны актыг гаргах эрх хэмжээгүй этгээд шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй, иймээс улсын ахлах байцаагчийн 2022 оны 6572 дугаар шийдвэр хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн байдаг юм.