Н.Учрал: Х.Баттулга "Төгрөг нуурын ордыг минийх гэж нотолж чадвал 100% аваарай" гэсэн. Би нотолж байна. Та хэлсэн үгэндээ эзэн байгаарай

Н.Учрал: Х.Баттулга "Төгрөг нуурын ордыг минийх гэж нотолж чадвал 100% аваарай" гэсэн. Би нотолж байна. Та хэлсэн үгэндээ эзэн байгаарай

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцуулж байна.

Энэ үеэрээ тэрбээр, “39-н стратегийн ордуудын талаарх танилцуулгыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хийлээ. Миний хувьд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн ахлагчийн хувиар стратегийн ордууд дээр ээлж дараатайгаар санхүүгийн болон хуулийн шинжилгээ хийж байгаа. Энэ хүрээнд олон нийтийн анхаарлыг татсан "Төгрөг нуурын орд" газар дээр санхүүгийн болон хуулийн шинжилгээнүүдийг хийлээ. "Төгрөг нуурын орд" нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан УИХ-ын гишүүн Х.Баттулгатай хамааралтай талаар мэдээлсэн. Үндэстэн дамнасан, олон схем үүсгэсэн асуудлаа шийдэх долоо хоногийн хугацааг тухайн үед олгосон. Өнөөдөр энэ хугацаа дуусаж байна. Энэ хугацаанд УИХ-ын гишүүн Х.Баттулгаас ямар нэгэн бичиг надад ирээгүй, ямар нэгэн үйлдэл хийгээгүй, Засгийн газарт ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй. Өчигдөр хэвлэлд ярилцлага өгсөн гэсэн мэдээлэлтэй байна. Гэхдээ "Төгрөг нуурын орд"-той холбоотой асуудлаар огт тайлбар хэлээгүй гэж ойлгож байна.

Хэвлэл мэдээллээс авсан мэдээллээр "Төгрөг нуурын ордыг минийх гэж нотолж чадах юм бол 100 хувь аваарай" гэдэг үгийг УИХ-ын гишүүн Х.Баттулга гуай хэлсэн байна. Би ч бас өнөөдөр хариуцлагатайгаар хэлье. Та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Та нотол гэсэн. Би нотолж байна. Надад нэгдүгээрт хөдөлшгүй нотлох баримтууд байна. Хоёрдугаарт албан ёсны баталгаатай эх сурвалжууд байна. Гуравдугаарт санхүүгийн болон хуулийн мэргэжилтнүүдийн дүн шинжилгээ байна. Баримт өөрөө ярьдаг гэсэн үг бий.

Энэ материал дунд 2006 онд УИХ-ын гишүүн Х.Баттулга 90 хувийг нь, Я.Батсүх гэдэг иргэн 10 хувийг нь эзэмшдэг байсан, анх хамтран үүсгэн байгуулсан "Camex" компани "Төгрөг нуурын орд"-ыг 100 хувь эзэмшдэг болохыг тогтоосон. Үүний дараа өөрийн охин Б.Намуун, төрсөн эгч Х.Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлэн компаниас компани дамнасан, оффшороос оффшор үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан 250 ам.доллароор зарсан нь Хонг Конгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн баримт мэдээлэлд байна.

Түүнчлэн Сингапурт бүртгэлтэй охин компанийн дэргэдэх охин компанид 2009 оны дөрөвдүгээр сард Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам нь Монгол Улсад уул уурхайн лицензийг олгож оронд нь дэд бүтэц барих, орон сууцжуулах талаар байгуулсан санамж бичиг байна. Энэ санамж бичгийг тодруулбал 2006 онд Х.Баттулга тухайн үед ЗТБХБ-ын сайд байхдаа өөрийнхөө компанитай гэрээ байгуулсан баримтыг харж болно.  Хоёрдугаарт, Хувьцаа шилжсэний дараа Хонг Конгийн компани нэрээ Монголчилсон байдаг. Учир нь Монголын уул уурхайн лицензийг эзэмшиж байгаа учраас үйл ажиллагааны чиглэлээ өөрчлөн Монголын хөрөнгө оруулалтын групп болгон сольсон. Энэ компани гурав дахь удаагаа нэрээ өөрчилсөн бөгөөд санхүүгийн жил бүрийн тайланг мөн харж болно.

Гуравдугаарт Х.Баттулгын 90 хувийг нь эзэмшдэг "Camex" кампани нь Сингапурт бүртгэлтэй компанийн эзэмшилд 100 хувь шилжсэн. Энэ компанийн хувьцаа эзэмшигч нь хэн бэ гэвэл түүний төрсөн охин Б.Намуун болон хамтран олон бизнес эрхэлж байсан иргэн болохыг баталсан дэлгэрэнгүй лавлагаа байна.

Дөрөвдүгээрт, 2010 онд 250 сая ам.доллароор зарагдсан компанийн хувьцааг Монгол Улсад бүртгэлтэй компанид 6 жилийн дараа 2016 онд үнэ төлбөргүйгээр шилжүүлсэн болох баримтыг албан журмаар авсан. Гэхдээ энэ материал дотор энэ компанид шилжиж ирэхдээ 200 мянган доллароор зарагдсан гэдэг мэдээлэл байдаг. Гэтэл Монголд ирээд гэрээ байгуулахдаа үнэ төлбөргүйгээр гэрээ байгуулсан байна. Энэ бүхнийг үндэслэн нэг зүйлийг онцлон хэлэхэд мэдлэг боловсролтой шинэ үеийн шилдэг санхүүч, хуульч, шинжээч нар ажилладаг шүү. Ямар ч нуун далдалсан схем байсан олж илрүүлж чаддаг шүү гэдгийг хэлмээр байна.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дамжуулан "Төгрөг нуурын орд”-д дөрвөн тусгай зөвшөөрлийг эзэмшигч, "Төгрөг нуур Энержи" компанийн хувьцаа эзэмшигч "Camex" компани нь татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан, залилсан, авлигал ашиг сонирхлын зөрчил үүсгэх болон бусад гэмт хэрэг зөрчил үйлдсэн байж болзошгүй асуудлыг шалгуулахаар МУЕП, АТГ-т эдгээр материалуудыг хүргүүлж байна. Үүнтэй холбоотой шаардлагатай нэмэлт материалуудыг авахыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлд, "Төгрөг нуурын орд"-ыг стратегийн ордод авах ажлыг санхүүгийн болон хуулийн шинжилгээний багийн тусламжтайгаар стратегийн ордод хамааруулж, баялгийн санд авахыг АҮЭБ-ийн сайд Ц.Туваанд даалгаж байна" гэлээ. 

ВИДЕО: