БОДИТ КЕЙС: Бусдыг архиар “шахсан”-ы улмаас учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ /ВИДЕО/

БОДИТ КЕЙС: Бусдыг архиар “шахсан”-ы улмаас учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлжээ /ВИДЕО/

Бусдыг архи, согтууруулах ундаагаар шахаж, найзуудаараа уулзсан л бол бүгд уух ёстой гэсэн хэвшмэл ойлголт иргэдийн байсаар өдийг хүрсэн. Гэтэл энэ нь хуульд заасны дагуу гэмт хэрэгт тооцогдох үйлдэл бөгөөд үр дүнд нь хуулийн хариуцлага хүлээлгэдэг байна. Иймд бид иргэдэд анхааруулах үүднээс дараах сурвалжилгыг бэлтгэн хүргэлээ.

ВИДЕО:

-ХУУЛЬД ЗААСНЫ ДАГУУ АРХИАР ШАХУУЛСНЫ УЛМААС УЧИРСАН ХОХИРЛЫГ БУРУУТАЙ ЭТГЭЭД БУЮУ АРХИ, СОГТУУРУУЛАХ УНДАА УУХЫГ ШААРДСАН ЭТГЭЭД ХҮЛЭЭНЭ-

Тодруулбал, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй. Уг хуулийн 28.2 дахь хэсэгт “Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардахыг хориглоно. Бусдыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардаж согтоосны улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа хэрэглэхийг шаардсан этгээдэд хариуцуулж болно” гэж заажээ.

Гэтэл иргэд архи, согтууруулах ундаа хэрэглээгүй нэгнээ “архиар шахах”, “өөрийг нь хүндэлсэнгүй, найзынхаа баярыг хуваалцсангүй” зэргээр нэгнээ архи уухыг тулган шаардах нь дээр дурдсанчлан гэмт хэргийн нэг төрөл байх нь. Хэрэв хэн нэгэнд шахуулсны улмаас архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэчхээд улмаар согтуурч яваад эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдолд буруутай этгээдээр буюу архиар шахсан нэгнээр хохирлоо нөхөн төлүүлэх хуультай аж.

-БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГИЙН 6 ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДСЭН БАЙДАГ-

Мөн Цагдаагийн байгууллагаас Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг дэмжих сантай хамтран “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагатай үйлчилгээний соёлыг төлөвшүүлэх, согтуугаар үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 04 дүгээр сарын 09-ний өдрүүдэд “Хуулиа мөрдье” нэгдсэн арга хэмжээг орон даяар зохион байгуулж байна. 

Түүнчлэн 2024 онд цагдаагийн байгууллагад нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 15.3 хувь буюу 6 гэмт хэрэг тутмын нэг нь согтуугаар үйлдэгдсэн бол энэ нь урьд оны мөн үетэй харьцуулахад согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 27.5, эрүүлжүүлэгдсэн, саатуулагдсан иргэдийн тоо урьд оны мөн үеэс 86.1 хувиар тус тус өссөн бол албадан эмчилгээ 9.26, сайн дурын эмчилгээ 34 хувиар тус тус буурчээ.

Согтуугаар үйлдэгдсэн зөрчил урьд оны мөн үеэс 21.2 хувиар буурсан боловч хариуцлага хүлээсэн аж ахуйн нэгж 42.9, иргэн 58.1 хувиар тус тус өсжээ. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28.155 зөрчил бүртгэгдсэнээс жолоодох эрхээ хасуулсан этгээд 2150, огт эрхгүй 3030 иргэн байжээ. Мөн согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол урьд оны мөн үеэс 40.7, хэрэг 97.9 хувиар тус тус өсөж 77 хүний амь нас хохирсон харамсалтай мэдээ байна. Иймд хайртай дотнын хүмүүс, анд найз нөхдөө болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс нэгнээ архи согтууруулах ундаа хэрэглэхийг тулган шаардахгүй байхыг уриалах үүднээс энэ удаагийнхаа сурвалжилгыг бид бэлтгэн хүргэлээ.