Өнөөдрийн /2025.04.01/-ний Эдийн засгийн байнгын хорооны хурлаар УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, хэлэлцэх эсэхийг нь дэмжлээ.
Монгол Улсын банк, санхүүгийн салбарын нийт актив хөрөнгийн хэмжээ 2025 оны 2 дугаар сарын байдлаар 67 их наяд төгрөгт хүрч, 2011 онтой харьцуулахад даруй 7 дахин өссөн байна. Салбарын санхүүгийн тогтвортой байдлыг хангахын тулд эрх зүйн шинэчлэл зайлшгүй шаардлагатай болсон талаар хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Э.Батшугар мэдээллээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 13 банк, 400 гаруй банк бус санхүүгийн байгууллага болон төр, хувийн хэвшлийн байгууллагууд Зээлийн мэдээллийн санд иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлийн мэдээллийг тогтмол нийлүүлдэг. Тус мэдээллийн санд 1.6 сая иргэн, 17 мянган аж ахуйн нэгжийн 4.7 сая орчим зээлийн мэдээлэл хадгалагдаж байна. Санхүүгийн үйлчилгээний таатай нөхцөлийг зөвхөн том аж ахуйн нэгж, барьцаа хөрөнгөтэй зээлдэгч хүртэхээс гадна санхүүгийн сахилга баттай иргэд, аж ахуйн нэгжүүдийг урамшуулдаг нөхцлийг бий болгох боломжтой. Өөрөөр хэлбэл санхүүгийн сахилга баттай иргэд, аж ахуйн нэгжүүдийн зээлжих чадварыг их өгөгдөл, дэвшилт технологи ашиглан тогтоож зөвхөн барьцаа хөрөнгөнөөс үл шалтгаалсан уян хатан нөхцөлтэйгөөр, зээлдэгчийн оноонд суурилсан санхүүгийн үйлчилгээ нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байгаа гэж УИХ-ын гишүүн Э.Батшугар онцоллоо. Хуулийн төслөөр дараах санхүү, эдийн засгийн таатай боломжийг бий болгоно.
- Банк, санхүүгийн салбарын үйлчилгээний хүртээмж, салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ;
- Зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаас гадна оноонд суурилсан, уян хатан нөхцөлтэй санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлнэ;
- Зээлийн хүүг бууруулна;
- Зээлдэгчийн “хар жагсаалт” гэх санхүүгийн ялыг арилгана;
- Банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлж эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөөлөл авчирна. Тус эрх зүйн шинэчлэлийн үр дүнд банк, санхүүгийн салбарын хүртээмж нэмэгдэж, санхүүгийн сахилга баттай аж ахуйн нэгж, иргэдийг төлөвшүүлэх эдийн засгийн эерэг нөлөө бий болох юм.