УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар гуравдугаар сарын 10-нд Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шүүгч Ч.Хосбаярт хандан "Ял эдлэх хугацааг хойшлуулж өгөх" хүсэлт хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнээр ажиллах 4 жилийн хугацаа дуусгавар болох үе хүртэл ял эдлэх хугацааг хойшлуулж өгөхийг хүссэн байгаа юм. Тэгвэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдрийн /2025.04.01/ хуралдаанаараа "Д.Цогтбаатарыг УИХ-ын гишүүнээр нь авч үлдэх" ажлын хэсгийг байгуулжээ. Энэ талаар тус бүлгийн дарга О.Цогтгэрэл " Д.Цогтбаатар гишүүний асуудлаар тодорхой мэдээллийг сонссон. Хууль зүйн нөхцөл байдлыг харахад Д.Цогтбаатар гишүүний асуудлаас урьдаад УИХ-ын гишүүний бүрэн эрх, УИХ-ын гишүүний халдашгүй байдалтай холбоотой асуудал байна гэж харж байна. Зөвхөн Д.Цогтбаатар гишүүнтэй холбоотой гэж хэлэх нь өрөөсгөл гэх тайлбарыг хуульчид хэлж байгаа. Халдашгүй байдалтай холбоотой зохицуулгагүй харилцаа олон байна. Тиймээс Х.Тэмүүжин гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулж хууль зүйн дүгнэлт гаргуулахаар болсон. УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлыг нь харгалзахгүйгээр шүүхээр шийдсэн тохиолдол яах талаар хуулинд тодорхой заалт алга. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор дүгнэлт гаргах байх" гэсэн юм.