Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монголбанкны Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны талаарх Монголбанкны ерөнхийлөгч, Монголбанкны Хяналтын зөвлөлийн мэдээллийг сонсож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Монгол банкны хяналтын зөвлөлийн ажлыг хийх боломжийг хангах ёстой. Хэлэлцэхээс өмнө цалин ярих юм. Үүнийг ярьж УИХ-ын гишүүдийг хэрэлдүүлэх гэж байгаа юм уу. Монгол банк хяналтаа ажиллуулах сонирхолгүй байна даа. Алдагдлыг чинь жил болгон л энэ жил хийнэ гэдэг байсан. Одоо тэгээд 7.4 их наядын алдагдалтай байна. Эдийн засгийн нөхцөл байдлаа хар даа. Эхний хоёр сарын байдлаар орлогын албан татвар, АМНАТ хоёр их хэмжээгээр буурсан. Харин НДШ, НӨАТ өссөн байна. Энэ нь аж ахуйн нэгжүүд л ажиллаад байна гэсэн үг. Орлогын албан татвар их хэмжээгээр буурсан. Энэ бол том зүйлийн дохио шүү. Г.Энхтайван, Б.Лхагвасүрэн хоёр үүнийг мэдэж байгаа. Алт урьдчилж зараад ч юм уу нэг их нөлөө болохгүй дээ. Эрс шинэчлэл өөрчлөлт оруулах хэрэгтэй" гэв.
Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван "Хяналтын зөвлөлийн үйл ажиллагааг хэвийн явуулахтай холбогдуулсан цалин хөлсний асуудлыг Эдийн засгийн байнгын хороотой зөвшилцөх үүрэгтэй тул Монгол банкны Ерөнхийлөгч энэ албан бичгийг явуулсан гэж ойлгосон. Эхний хоёр сарын байдлаар төлбөрийн тэнцэл 717 мянган долларын алдагдалтай гарсан. Төлбөрийн тэнцлийн алдагдал нь ханшийг богино хугацаанд сулруулах эрсдэлтэй байдаг. Төв банк төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах, төлбөрийн тэнцлийн болзошгүй хямралаас сэргийлж өнгөрсөн гуравдугаар сард мөнгөний бодлогын орон зайг чангаруулсан. Мөн бид бүхэн гарах урсгалаас импортын хэрэглээг хязгаарлах саналыг тавьж байгаа" гэлээ.
ВИДЕО: