УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, гишүүдийн асуултад хариулж байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир "17, 18 жилийн дараа энэ төсөл УИХ-аар орж ирж байгаад баяртай байна. Монгол Улс хоёр хөрштэй. Урд хөрштэйгөө 4307 км буюу хамгийн урт хилээр хиллэдэг. Харамсалтай нь 70 жилийн дараа дөнгөж хоёр дахь боомтоо холбох гэж байгаад харамсалтай байна. Сая О.Алтанэгэрл сайдын үгнээс ч Ерөнхий сайдын үгнээс ч харагдаж байна. Манай Засгийн газар хөрш улстайгаа гэрээ байгуулаад түүнийгээ устгадаг болж таарлаа. Иргэдээсээ нуудаг болж таарж байна. Аргаа бараад хөрш улсаасаа тэр гэрээгээ гуйж авдаг ичгэвтэр байдлыг туулсан байна. Үүний хариуцлагыг заавал тооцох ёстой. Устгасан, алга болсон гэрээгээ нарийн ил болгох ёстой. Үүнийг ил болгох боломжтой юу? Мөн өмнө нь олон экспорт эдийн засгийг дэмжсэн төсөл хөтөлбөрүүд улс төрчдөөсөө болж гацаж байсан хүнд байдлыг бид туулсан. Цаашдаа ийм асуудал үүсэхгүй байгаасай гэж хүсэж байна" гэв.
Асуултанд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан хариулав. Тэрбээр "2014 онд хоёр улсын ерөнхийлөгч нарын БНХАУ-д Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд хийсэн бичиг баримтуудыг гишүүнд хүргүүлье. Тухайн үед нууцаар байгуулсан бус бичиг баримт учраас ил болгож болох байх" гэлээ.
ВИДЕО: