Ц.Туваан: 16 жилд 247 сая тонн нүүрс экспортлохоор гэрээнд тусгаж өгсөн

Ц.Туваан: 16 жилд 247 сая тонн нүүрс экспортлохоор гэрээнд тусгаж өгсөн

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, гишүүдийн асуултад хариулж байна.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Үндсэндээ бид нүүрсээ ганзагын байдлаар зарж ирсэн. Одоо Засгийн газар хоорондын гэрээгээр зарж эхлэх нь. ЗГ хооронд яг хэдэн сая тонн нүүрсийг ямар хугацаанд зарах юм бэ. Энэ тоонууд алга. Хоёрт, 20-25 сая тоннын хүчин чадалтай, энэ төмөр зам. Гэрээний дагуу 20 сая тонн тээвэрлэлтээ хийчихвэл нөгөө ААН-үүд чинь яаж гаргах юм. Гаргаж чадах юм уу. Тавантолгойн өмчлөлт байгаа автозамаа ашиглах уу. Нийт боомтоор төмөр зам, автозамтай нийлээд хэдэн сая тонн нүүрс гаргах юм. Ж.Ганбаатар сайдын үед уул уурхайн биржийн хууль орж ирсэн. Хэдэн сая тонн нь цаашид биржээрээ гарах юм бэ гэдэг сонин байна. Нүүрсний үнэ унах, өсөх бүх үед тохирдог хамгийн дээд үнээрээ биржээр зарах боломж л гарсан. Үүнийгээ хангаж байна уу?

АҮЭБ-ийн сайд Ц.Туваан: Нүүрсний хэмжээ, хугацааг хэлэлцээрт тодорхой зааж өгсөн. 2025-2029 онд 27 сая тонн, 2030 оноос хойш 20 сая тонн, нийт 16 жилд 247 сая тонн болно. Протокол дотроо он оноор нь заачихсан байгаа. Зарагдаж байгаа нүүрсний 100 хувь гэвэл 55 хувь нь коксжих гэх мэтээр заасан. Биржийн хууль хэрэгжиж байгаа. Нүүрсний үнэ өсөж байгаа үед таарч байна. Өнөөдөр шиг буурч байгаа үед, индексжүүлэх заалтгүйгээс болж худалдан авагчид орж ирэхгүй болчихлоо. Энэ утгаар хуулиа өөрчлөх гэж байна. Өчигдөр ЗГ-ын хуралдаанд танилцуулсан. Өндөр үнэтэй байх үед биржээр худалдаа хийсэн компаниудын нүүрс овоолго болчихоод, цаашаа унасан үнээр зарж чадахгүй байгаа. Тийм учраас гацалт үүсээд байна. Энэ асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг гарч ажиллаж байгаа.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.