УИХ-ын чуулган өнөөдөр /2025.03.27/ хуралдаж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг соёрхон батлахаар хэлэлцэж байгаа билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтбаяр: Хил холболтын асуудал батлагдах шатандаа орж байна. Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн хугацаанд худалдааг хөнгөвчлөх, экспортын боломж бололцоог нэмэгдүүлэх, тогтвортой урт хугацааны гэрээ байгуулах зэрэг бүхий л бодлогыг бүрэн дүүрэн дэмжиж байгаа. Гэхдээ хил холболтын гэрээ нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй байх. Тоо хэмжээнээс гадна бизнес арилжаанд үнэ хамгийн чухал. Энэ соёрхон батлах гэж байгаа хэлэлцээрийн хүрээнд үнийг яаж тогтоох гэж байгаа юм. Нүүрсний урт хугацааны гэрээнд үнийг тогтоохдоо анхны үнэ дээр нэмэх нь улирлын индексийн тодруулгаас бүрдэнэ гэжээ. Тэгэхээр анхны үнийг энэхүү хэлэлцээрт гарын үсэг зурахаас өмнөх үнийг авна гэсэн байна. Урт хугацааны гэрээ хэлэлцээрт үнийг тооцож буй энэ аргачлал чинь зөв юм уу. Хамгийн доод үнийхээ нөхцөл дээр гэрээ хийх зөвшөөрлийг өгөх гэж байгаа юм шиг ойлгогдоод байна. Үүн дээр тодруулга өгнө үү гэв.
Энэхүү асуултад Ц.Туваан гишүүн хариулахдаа, Бид энэ хэлэлцээрийг баталснаар УИХ, ЗГ-аас гаргах шийдвэрүүд дуусч байна. Үүний дараа компани хоорондын гэрээ рүү орж байгаа. Компани хоорондын гэрээний хоёр дахь нь нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ рүү орно. Энэ хэлэлцээр бол маш цаг үеэ олсон гэж харж байна. Дэлхийн зах зээл дээр олон улсын худалдааны асуудал Трампын тарифын дайнаас болоод нүүрсний үнэ тогтворгүй болж ирсэн. Олон улсын зах зээл дээр нүүрсний үнийг урт хугацаанд тогтвортой байхыг зохицуулдаг жишиг байгаа. Гэхдээ бид энэ гэрээн дээр хэлэлцээрийнхээ хоёр дээр таны хэлсэн анхны үнэ нэмэх нь улирлын индексийн тохируулга буюу экспорт хийж байгаа БНХАУ-ын таван боомтын үнийн мэдээллийг /шууд биржийн үнэ гэж ойлгож болохгүй/ аваад процентолж аваад дундажаар тооцож байгаа. Урт хугацааны үнэ бол биржийн арилжааны үнээс дээшээ гарсан байгаа гэдгийг хэлье. Бирж дээр коксжих нүүрсний үнэ 98 ам.доллар байгаа. Энэ дотор хил хүргэх ложистикийн үнэ бас орсон байгаа. Биржийн арилжааг бол зогсоохгүй.