БЗС-аас гадаадад сурсан суралцагчид 2.4 тэрбумыг эргүүлэн төлсөн нь өмнөх оноос 43 хувиар буурсан үзүүлэлт юм

БЗС-аас гадаадад сурсан суралцагчид 2.4 тэрбумыг эргүүлэн төлсөн нь өмнөх оноос 43 хувиар буурсан үзүүлэлт юм

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өчигдрийн /2025.03.26/-ийн хуралдаанаар байнгын хорооны хоёр тогтоол баталж, УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас Боловсролын сайдад хандаж тавьсан Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны хэрэгжилтийн талаарх асуултын хариуг сонсож, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гаргасан санал, дүгнэлт, тайланг хэлэлцлээ.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар Боловсролын сайд П.Наранбаярын танилцуулснаар тус сангийн зээлийн эргэн төлөлт 2024 онд 14.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 15 хувиар өссөн байна. Үүнээс хөнгөлөлттэй зээл 363.18 сая төгрөг буюу өнгөрсөн оноос 52 хувь, оюутны хөгжлийн зээл 11.5 сая төгрөг буюу өнгөрсөн оноос 46 хувиар өссөн бол гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын зээл 2.4 тэрбум төгрөг төлөгдөж өмнөх оноос 43 хувиар буурчээ.

Одоогоор Боловсролын зээлийн санд 2004-2016 онд хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн нийт 12799 зээлдэгчийн 14.1 тэрбум төгрөгийн зээл бүртгэлтэй байна. Уг зээлийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд хүргүүлэх ажлыг эхлүүлээд байгаа ажээ. Энэ онд гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх 13 арга хэмжээнд 158.4 тэрбум төгрөг батлагдсанаас улсын төсвөөс 124.4 тэрбум, бусад эх үүсвэрээс 33.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох юм.

Мөн энэ онд зээлийн эргэн төлүүлэх арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэн 30.0 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг төлүүлэх зорилт тавин ажиллаж байгаа ажээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалын ахлан ажилласан Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, хяналт шалгалт хийх ажлын хэсгийн санал дүгнэлтийн дагуу уг сангийн тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжийн зохицуулалтыг сайжруулах 14 зорилт бүхий Засгийн газарт чиглэл өгсөн байнгын хорооны тогтоолыг хэлэлцэн баталлаа. Тогтоолын биелэлтийг ирэх намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах юм.