Өнөөдөр нутгийн зүүн хагаст хүйтэн салхи, явган шуургатай, ихэнх нутгаар хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа нэмэгдэхийг анхааруулж байна. Нутгийн баруун хэсгээр үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -11…-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…-4 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн байна. Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Өдөртөө -7…-9 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
